АРХАНГАЙ: Иргэдийн хадгаламжийн нийт үлдэгдэл 158.6 тэрбум төгрөг болж буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь Монголбанкны салбар 2022 оны 3 дугаар улирлын байдлаар арилжааны банкуудаас 18.1 тэрбум төгрөгийг татаж, 13.6 тэрбум төгрөгийг зузаатгалаар олгосон байна. Банкуудын зузаатгасан мөнгө өмнөх оны мөн үеэс 20.5 хувиар буюу 3.1 тэрбум төгрөгөөр, зузаатгалаар авсан мөнгө 9.2 хувиар буюу 1.15 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Аймгийн хэмжээнд энэ оны 3 дугаар улирлын байдлаар иргэдийн хадгаламжийн нийт үлдэгдэл 158.6 тэрбум төгрөг болж өмнөх улирлаас 2.9 хувиар буюу 4.7 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 20.5 хувиар буюу 40.9 тэрбум төгрөгөөр буурчээ. Үүнээс хугацаатай хадгаламж 135.9 тэрбум төгрөг болж нийт хадгаламжийн 85.7 хувийг эзэлж байна. Хугацаатай хадгаламж өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар буюу 13.9 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Арилжааны банкууд 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 180.6 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өмнөх оны мөн үеэс 14.3 хувиар буюу 22.5 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Нийт зээлийн үлдэгдэл 222.6 тэрбум төгрөг болж өмнөх улирлаас 7.2 хувиар буюу 17.4 тэрбум төгрөгөөр буурчээ. Нийт зээлийн үлдэгдлийг 1.78 хувийг анхаарал хандуулах зээл, 0.58 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Чанаргүй зээлийн хувь улсын хэмжээнд хамгийн бага түвшинд байгаа тухай мэдээлэв.