ХОВД: Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 10 мянган иргэнд газар олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-07 13:44:15

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж,  Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийт 700 га газрыг 10 мянган иргэнд эзэмшүүлэхээр болжээ.  

Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай нэг удаа үнэ төлбөргүйгээр газраа өмчилж авах хүсэлт их байсан. Иймээс хуулийн хүрээнд холбогдох байгууллагууд дээрх шийдвэрийг гаргаж, иргэдээс газар олгохтой холбоотой өргөдөл хүлээн авч байна.

Өөрөөр хэлбэл, 4 дүгээр сарын 3-7-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-ын дэргэдэх Төрийн үйлчилгээний нэгдсэн төв дээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгох газрын өргөдөл, холбогдох материалыг хүлээн авч байгаа юм. 
Одоогоор байдлаар 1930 иргэн газар өмчлөх хүсэлт гаргаж, шинээр өргөдөл өгчээ.

Мөн 2019-2022 онд газар өмчлөх хүсэлт гаргасан 2800 иргэний өргөдөл шийдвэрлээгүй, хүлээж байгаа юм.
Иргэдэд шинээр олгох газар нь Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, Буянт голын хойно (их голын ард),  Ховд сумын Баянбулаг багийн нутагт тус тус төлөвлөгджээ.

"Газар олголтын ажлыг 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлнэ. Иргэдийн өгсөн өргөдөл, хүсэлтэд зохих журмын дагуу хяналт тавьж, шийдвэрлэх чиглэл баримтлан ажиллаж байна.  

Мөн одоогоор тус аймгийн иргэдийн 21.9 хувь нь газар өмчлөх хүсэлт гаргаж, 0.07 га газраа өмчилж авсан. Энэ онд иргэдэд 0.07 га газар олгох ажлын төлөвлөгөөг илүү эрчимжүүлж, 10 хүртэлх хувиар нэмэгдүүлэн 31.9 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн" гэж Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Б.Төгөлдөр хэллээ. 

 

 

関連ニュース