ХОВД: Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-07 16:41:42

Жаргалант /МОНЦАМЭ/. Бүх нийтийн сайн дурын “Ховддоо өнгө нэмье” идэвхжүүлэх сарын аян зохион байгуулахаар болжээ.
Аяны хүрээнд "Хог хаягдлын менежментийн асуудал, өнөөгийн байдал" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ үеэр “Ховддоо өнгө нэмье” аяны төлөвлөгөө, Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийн зорилго, зорилтыг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломжуудын талаар оролцогчдоос санал авлаа.

Ховд аймагт жилд 134 мянган тонн хог хаягдал үүсэж байна. Хог хаягдлыг эх үүсвэрээр нь авч үзвэл гэр хороолол хамгийн их буюу 56 хувийг эзэлж байна. Мөн аж ахуйн нэгж байгууллага 22 хувь, орон сууц 12 хувь, зам талбай 5 хувь, бусад хүчин зүйл 5 хувийг тус тус эзэлж байгаа аж. 

Иргэд зориулалтын бус газарт хог хаях тохиолдол их байгаа бөгөөд стандартын шаардлага хангасан хогийн сав дутагдалтай. Хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах үйл явцыг оновчтой болгож, үйлчилгээний ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах хэрэгцээ шаардлага одоо ч байсаар байна.    

Иймээс цаашид иргэд, олон нийтийн хамтын ажиллагаанд тулгуурлан хог хаягдлын сөрөг нөлөөг бууруулж, менежментийн дэвшилтэт технологи, тогтолцоог нэвтрүүлж, хоггүй цэвэрхэн аймаг болох зорилгоор олон талт ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.
Цаас, шил, хөнгөн цагаан, хуванцар гэх мэт дахин боловсруулах боломжтой 30 мянган тонн хог хаягдал байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Үүнийгээ дагаад Ховд аймагт цаас, хуванцар, айл өрхийн үнс, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах, шил хуванцар авах цэгүүдийг нэмэлтээр бий болгох шаардлагатай.  
Мөн дулааны улиралд Буянт голын зуслангийн бүсэд үүсэж байгаа хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах ажлыг шат дараатай зохион байгуулах, стандартын ариун цэврийн байгууламжтай болох, хүүхэд багачууд, өсвөр, залуу үеийнхний хандлагыг өөрчлөх зэрэг асуудалд анхаарч, оновчтой гарц шийдлийг эрэлхийлж байна.    
Ховд аймгийн Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр 2023-2026 онд хоёр үе шаттай хэрэгжинэ. Үүний үр дүнд:

-Хог хаягдлын үйлчилгээний хураамж, тариф оновчтой болно

-Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд бий болно

-Иргэд, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлыг ангилан ялгаж хэвшинэ

-Байгууллага, аж ахуйн нэгж, орон сууц, нийтийн эзэмшлийн талбай стандартын шаардлага хангасан хогийн цэг, ариун цэврийн байгууламжтай болсон байна

-Бүх сум стандарт шаардлага хангасан төвлөрсөн хогийн цэгтэй болсон байна. Сумдын хот тохижуулах алба, ОНӨААТҮГ-ын бүтэц оновчтой болно

-Аюултай хог, хаягдлыг устгах, шатаах зуух бүхий байгууламжтай болно гэж албаныхан үзэж байна.

関連ニュース