АРХАНГАЙ: Фондын 60 мянга гаруй номыг коха программд шивсэн анхны аймаг нь Архангай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Австралийн Элчин сайдын яам, Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын Номын сангийн холбоо хамтран “Хил хязгааргүй номын сан” төслийн хүрээнд номын санчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалт нь номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлсэн коха программыг хэрхэн ашиглах, “Хил хязгааргүй номын сан” сайтад хэрхэн мэдээлэл оруулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс гадна номын санч, мэргэжилтнүүдийн орчин үеийн нийтийн номын сангийн шилдэг туршлагаас хуваалцаж, хэрэглэгч төвтэй үйлчилгээ, технологийн дэвшлийг ашиглан хамтран ажиллах боломж, номын сангийн фондыг баяжуулах зэргээр мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Монгол Улс Австрали Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан, 21 аймгийн номын санчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан Монголын Номын сангийн холбооноос санаачлан “Хил хязгааргүй номын сан” төслийг Австралийн Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр эхлүүлсэн байна. Энэ төслийг эхлүүлсний дараа publiclibrary.mn сайт болгосон нь 21 аймгийн номын санчид өөрсдөөсөө суралцаж, шинэ мэдлэг мэдээллээ хуваалцах, шинэ содон мэдээллийг байршуулах зэрэг олон давуу талтай болж байгаа юм.
Мөн Архангай аймгийн номын сан нь номын
сангийн фондын номуудыг коха програм ашиглан электрон катологид оруулсан анхны
аймаг ажээ. Соёлын яамнаас энэхүү коха программыг бүх аймагт нэвтрүүлэхээр
зорин ажиллаж байна.
Программын танилцуулга:
Коха нь том, жижиг ямар ч хэмжээний номын сангийн үйл ажиллагааг автоматжуулахад зориулан бүтээсэн үнэ төлбөргүй программ хангамж юм. Номын сангийн бүрдүүлэлт, каталог зохион байгуулалт, ном олголт, цуврал хэвлэл, нэрийн хэлхээс, тайлангийн уян хатан систем болон бусад олон боломжийг агуулсан хүчирхэг программ юм.
Коха программ нь номын сангийн программ хангамжийн олон улсын стандартыг бүрэн дэмждэг, олон хэлэнд орчуулагдсан (монгол хэл ч бас бий), хүчирхэг хайлтын систем, вэбэд суурилсан интерфейстэй нээлттэй эхтэй систем учир аль ч төрлийн номын сан өөрийн онцлогт тохируулан өөрчлөх, сайжруулах боломжтой зэрэг олон давуу талтай аж.
Архангай аймаг номын сангийн цахим систем болох коха программыг бүрэн нэвтрүүлж, цахим номын санг бий болгож, хөгжүүлэх зорилготой. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд ямар тоног төхөөрөмжүүд шаардлагатай, хэрхэн дэмжиж ажиллах вэ гэдэг асуудлыг саяхан болсон соёлын форумын үеэр ярьж, аймаг, сумын удирдлагууд дэмжихээр болсон байна.
Архангай аймгийн Нийтийн номын сан нь 120 мянга гаруй номтой. Коха программд шивсэн монгол ном, сонин 60 мянга гаруй болжээ. Орос болон бусад гадаад хэл дээрх номыг шивэхэд хэлний бэрхшээл тулгарч буйг номын сангийн дарга О.Мөнхтуяа илэрхийлж байв.
Энэ удаагийн сургалтын
үеэр Австралийн Элчин сайдын яам болон Монголын номын сангийн холбооноос нэг
сая төгрөгийн хүүхдийн шилдэг үлгэр, зохиолын номууд болон шаардлагатай байсан
бар код унших хоёр тоног төхөөрөмжийг хандивлажээ.