ХОВД: Энэ онд шагайн харвааны төрлөөр 15 тэмцээн зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Олон угсаатны өлгий Ховд аймагт Насанд
хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн Шагайн харваа тэмцээн болов.
Энэхүү тэмцээнийг аймгийн гоц
мэргэн Пүрэвдоржийн Бүрэнбатын нэрэмжит болгон зохион байгуулснаараа
онцлогтой.
Тэмцээнд Баян-Өлгий аймгаас нэг баг, Ховдоос 8 баг гээд нийт 9 багийн 70 гаруй
харваач оролцсон байна. Үүний 30 гаруй харваач
нь аймгийн гоц мэргэн цолтой, бусад нь залуу харваачид байлаа.
Монголчуудын өнө эртний үнэт
соёлын өв болох үндэсний шагайн харваа сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд
эрчимтэй хөгжиж байна. Насан
хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг жилд нэг удаа зохион байгуулдаг
уламжлалтай бөгөөд энэ удаагийн
тэмцээний цар хүрээ, оролцогчдын тоо нэмэгдсэнийг зохион
байгуулагчид хэллээ.
Ховд аймгийн шагайн харвааны
холбоо нь 2023 онд 15 тэмцээн зохион
байгуулахаар төлөвлөсний 5 дахь тэмцээн нь энэ юм. Тус аймгийн харваачдын ур чадвар дээшилж,
баруун бүсийн тэмцээнүүдэд амжилт гаргасаар буй.