ДАРХАН-УУЛ: Хөшөө бүр тухайн цаг үеийнхээ түүхийг илэрхийлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Өнгөрсөн үеийн түүхийг илтгэх нэг сурвалж хөшөө, дурсгал юм. Тухайн цаг үед тодорч гарч ирсэн манлайлагч, эсхүл нутаг орны аж амьдралыг бэлгэдсэн, тив, дэлхийд алдар цуугаа мандуулсан тамирчин, математикч, уран бүтээлчид гээд хөшөө дурсгалын түүх олон янз байдаг.
Өнгөрснийг ирээдүйд авчрах тэрхүү хөшөө дурсгалаа хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-нд хөшөө, дурсгалаа хамгаалах олон улсын өдөр тохиодог аж.
Түүхэн үйл явдлыг санан дурсах баталгаа, хүндэтгэн дээдлэх илрэл, улс орон, бүс нутгийн соёл урлаг, амьдрахуйн хэвшил, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон хөшөө бүр өөрийн гэсэн түүхтэй байдаг. Энэхүү түүхэн явдлыг санах, тэмдэглэх өнгөрүүлэх өдрийн хүрээнд Дархан-Уул аймагт байдаг хөшөө, дурсгалаас цөөнийг сонирхуулъя.
САНСРЫН НИСГЭГЧДИЙН ХӨШӨӨ
1981 оны 3 дугаар сарын 22-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗСБНХУ-ын иргэн, ЗСБНХУ-ын баатар, сансрын нисгэгч Владимир Александрович Жанибековын хамт сансарт ниссэн. Монголын иргэн анх удаа сансарт ниссэн энэ түүхэн түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх үүднээс 1981 онд Дархан-Уул аймагт “Сансрын нисэгчдийн хөшөө” босгосон түүхтэй.
2018 онд Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагааны 58 жилийн ой, Дархан хотод 37 жилийн өмнө босгосон Сансрын нисгэгчдийн хөшөөг Дархан Зангилааны хамт олон, “Хас жинст” ХХК-тай хамтран сэргээн засварлажээ. Тус хөшөөг сэргээн засаж, хүлээлгэн өгөх ёслолд Монгол Улсын сансрын анхны нисгэгч, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа болон Улаанбаатар төмөр зам, Дархан-Уул аймгийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөл оролцож байжээ.
Санаачилгыг Дархан зангилааны төмөр замын холбооны ахлах механикч С.Баярсайхан гаргасан бөгөөд тус зангилааны МАХН-ын хорооны дарга З.Даржаа энэ саналыг дэмжиж, төмөр замчид, Зөвлөлтийн барилгын нэгдүгээр трестийн барилгачид хамтран “СОЮЗ-39” сансрын хөлгийг дуурайлган хамтран бүтээн байгуулжээ.
МОНГОЛ-ЗӨВЛӨЛТИЙН НАЙРАМДЛЫН ХӨШӨӨ
1977 онд Монгол-Зөвлөлтийн залуучуудын VI их наадам болж, Монгол-Зөвлөлтийн найрамдлын
нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга Ц.Балхаажав тэргүүтэй төлөөлөгчид их наадмын
үйл ажиллагааны үеэр энэ хөшөөг нээжээ. Хөшөөний баганын нэг талд БНМАУ-ын
алтан соёмбо, нөгөө талд ЗСБНХУ-ын алх хадуурт сүлдийг гуулиар хийж байрлуулж
байв.
Энэхүү хөшөөг Дархан хотын АДХГЗ-ын орлогч дарга асан,
Дархан хотын ерөнхий архитекторч Д.Сайнхүү анх санаачлан, уран зураач
Ч.Болдбаатар зургийг нь гарган бариулж байжээ.
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГ
Хөшөөний нээлтийг 1985 оны 7 дугаар сарын 15-ны өглөө Дархан хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга П.Болд, Дархан хотын АДХГЗ-ны дарга Н.Төмөрхуяг нар үг хэлж нээж байжээ. Хөшөөний өндөр нь 20м, хоёр талдаа шаттай, шавраар хийж боржингоор өнгөлсөн, суурийн диаметр нь 8.70м бөгөөд ерөнхий архитектор нь Б.Галсанцэрэн санаачилж хийлгэжээ.
АТАРЧДЫН ХӨШӨӨ
Хонгор сумын Соёлын төвийн урд байрлах "Атарчин" хөшөөг 1989 онд уран барималч Д.Буяндалай бүтээжээ.
"АТАР-50" цэцэрлэгт хүрээлэн
Атар газар эзэмшсэний 50 жил, Атрын хоёрдугаар аян эхлүүлсний дурсгалд зориулан Хонгор сумын засаг дарга Н.Чүлтэмбатын санаачилгаар уран барималч Ц.Намдагийн зураг төсөл, загвараар аймгийн зураач, урчуудын холбооны гишүүд 2009-04-27-ны өдрөөс 6 дугаар сарын 17-ны хооронд барьж ашиглалтад хүлээлгэн өгчээ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн “Атар-50” дурсгалын хөшөөний суурийн диаметр нь 8м, хөшөөний өндөр нь 8.5м аж. Уг хөшөө нь Атрын нэг, хоёр, гуравдугаар аяныг төлөөлсөн гурван багана, түүнийг холбон багцлах бүслүүр цагариг, оройн хэсэгт алтан нарыг бэлгэдсэн хоёр метрийн диаметртэй, 450 орчим кг жинтэй бөмбөрцгөөс бүрддэг ажээ.
ЧҮЛТЭМИЙН ЦЭРЭНДОРЖИЙН ГЭРЭЛТ ХӨШӨӨ


