ХОВД: 133 түүхэн хөшөө дурсгал бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-19 12:47:07

Жаргалант /МОНЦАМЭ/.  Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогын үр дүнд Ховд аймгийн хэмжээнд 716 дурсгалт газрын 7379 ширхэг үл хөдлөх дурсгалыг бүртгэжээ. 

Үүнээс 133 нь түүхэн хөшөө дурсгал юм.  Онцлоход, Ховд аймгийн төв талбайд Ард Аюушийн хөшөө болон Галдан бошгот хааны хөшөө бий. Тус хөшөөнд жил бүр иргэд хөдөлмөрчид хүндэтгэл үзүүлж,  дурсгалын зураг татуулдаг.  

                   Зоригт тэмцэгч Ард Аюуш есөн эрүү шүүлтийг давж гарсан

Алдаржавын Аюуш нь 1859 онд Эрдэнэбишрэлт Засагт хан аймгийн Дархан бээлийн хошуу, одоогийн Ховд аймгийн Цэцэг сумын нутаг Нүцгэний гол гэдэг газар төржээ. 

Тэрээр  хэсэг нөхдийн хамт Цэцэг нуурын дугуйланг байгуулан удирдаж байлаа.

Монголын ард түмнийг манжийн түрэмгийлэн эзлэгчид хаад ноёдоор нь дамжуулан дарлан мөлжиж байсан цагт ард олноо толгойлон тэдний эсрэг тууштай тэмцэж байв.

Тухайн хөдөлгөөнийг ардын хөдөлгөөн болгон харуулахын тулд ард
А.Аюуш толгойлсон бөгөөд тэмцсэнийхээ төлөө 9 эрүү шүүлтээр тамлуулсан ч давж гарсан юм.

Манжийн үеийн 9 эрүү шүүлтийг давж гарахад түүнд байгалиас заяасан эрүүл чийрэг бие цогцос, асар их тэсвэр хатуужил, ялан дийлэх сэтгэл зүйн бэлтгэл байснаас гадна төрөлхийн зөрүүд зан нь тусалсан болов уу хэмээн нутгийн өвгөд тэмдэглэсэн байдаг.

Ард түмнийхээ төлөө асар их зориг тэвчээр гарган тэмцэж чадсаныхаа төлөө тэрээр Ард-Аюуш гэдэг эрхэм алдрыг хүртсэн байна.

Ард Аюуш хэмээн олонд алдаршсан Алдаржавын Аюуш нь ардын хувьсгал ялсны дараа  сумын дарга, сургуулийн нярав зэрэг ажил хийж байснаас гадна МАХН–ын YIII их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байжээ. 

1959 онд А.Аюушийн мэндэлсний 100 жилийн ойгоор Ховд аймгийн төв талбайд түүний хөшөөг сүндэрлүүлж, Цэцэг сумын сургуулийг ч мөн  Ард-Аюушийн  нэрэмжит болгосон түүхтэй.

 


 Галдан
бошгот хааны хөшөө

Галдан нь XVII зууны үеийн шашин, улс төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин. Зүүн гарын хаант улсыг үндэслэн байгуулагч юм.

Ховд хотыг 1685 онд Ховд голын хөвөөнд байгуулж, Манжийн түрэмгийлэгчтэй тууштай тэмцэж, эх орон, элгэн садан, хүн ардаа өмгөөлж боссон түүхэн хүн гэдгээрээ онцлогтой.  

Галдан Зүүнгарын хаант улсыг байгуулсанд V Далай лам Галданд “Бошгот” цол өгсөн. 1678 онд хууль гаргасан нь Галдан хунтайжийн захиа зарлиг хэмээгдсэн байна.    

Галдан хааны хөшөө одоо Ховд аймгийн төв талбай дээр бий.  Уг хөшөөг 2006 онд босгосон. 

 

Амарсанаа баатрын хөшөө


Амарсанаа нь 1755-1758 онд манжийн эсрэг тэмцэж байсан Монголын ард түмний нэгэн удирдагч юм. 

Тэрбээр 1755 оны 9 дүгээр сарын 24-нд цэргээ удирдан Манжийн дарлалыг эсэргүүцэн боссоноор тусгаар тогтнолын төлөөх зэвсэгт бослого эхэлсэн түүхтэй.

Монгол Үндэсний тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Г.Амарсанаагийн хөшөөг 1966 онд Ховд аймгийн төвд босгосон.  

関連ニュース