ХОВД: "Ховд эко цемент"-ийн үйлдвэр жилд 250-300 мянган тонн цемент үйлдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-21 17:25:07

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Буянт сумын нутагт орших хуурай аргын технологитой “Ховд эко цемент”-ийн үйлдвэр албан ёсоор нээлтээ хийлээ.

Баруун бүсийг хямд, чанартай цементээр бүрэн хангах зорилготой  "Ховд эко цемент"-ийн үйлдвэр нь жилд 250-300 мянган тонн цемент үйлдвэрлэнэ. Хоногт 1200-1300 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрлэсэн цементээ задгай, 50кг, 1тн гэсэн 3 хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөсөн байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг Нью прогресс групп, Вестерн Холд ХХК, Ховдын өргөө ХХК, Нью минериал ХХК хамтран амжилттай хэрэгжүүлсэн юм.


Үйлдвэрийн нээлтийн үеэр гүйцэтгэх захирал Б.Шүрэнчимэгээс тодруулга мэдээлэл авлаа.   
Тэрбээр хэлэхдээ "Бид өнгөрсөн 11 дүгээр сард туршилтаар цемент үйлдвэрлэж эхэлсэн. Одоогийн байдлаар 12 мянган тонн цемент үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэхэд бэлэн болоод байна. 
Үйлдвэр одоо хэвийн жигд ажиллаж байгаа. Ховд аймгаас гадна Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймаг руу бүтээгдэхүүнээ нийлүүлж, хамтран ажиллах тухай гэрээ хийж байна.  Мөн одоо цемент авах хүсэлтээ зарим компани, аж ахуйн нэгжид бүтээгдэхүүнээ үйлдвэр дээрээс бага хэмжээгээр олгож байгаа.  5 дугаар сарын 1-ний өдрөөс барилга бүтээн байгуулалтын ажил эрчимжих тул бүтээгдэхүүний борлуулалт, үндсэн  түгээлтийг 5 дугаар сард хийж эхэлнэ. Тус үйлдвэр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэнтэй холбогдуулан OPC-42.5 маркийн өндөр чанартай цементийг хямдралтай үнээр борлуулж байна. 1 тонн цементийн үнэ 395.000 төгрөг. Ийнхүү баруун таван аймгийг Улаанбаатар хотын үнээр, чанартай цементээр бүрэн хангах боломж нээгдлээ.  

Цаашид барилга, бүтээн байгуулалтын ажил хийж буй иргэн, аж ахуйн нэгж, компаниудаас захиалга тогтмол авах бөгөөд зарим үйлдвэрүүдийг дэмжиж, хамтран ажиллана. Зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй гадаадын зарим улс, өөрөөр хэлбэл, Казахстан, Тува руу бүтээгдэхүүнээ гаргахаар эхний шатны яриа, хэлэлцээр хийж байна. Туршилтаар үйлдвэрлэсэн цементийг хэрэглэсэн хэрэглэгчдийн сэтгэл ханамж сайн байгаа" гэв.


関連ニュース