ХОВД: Шатрын нээлттэй тэмцээнд 90 хүн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-22 12:51:04

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн шатрын тэмцээний 14 удаагийн аварга, шатрын спортын дэд мастер Ц.Бишээ агсны нэрэмжит "Ховд-2023" шатрын нээлттэй тэмцээн энэ сарын 20-21-ний өдөр болов.

Ахмад шатарчдын амжилт ололт, түүхээр бахархах, орон нутгийн шатарчдын ур чадварыг хөгжүүлэх зорилготой энэхүү тэмцээнд 5-85 насны 90 шатарчин оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна.

Тэмцээний зохион байгуулагчаар Монголын шатрын холбоо, Ховд аймгийн шатрын холбоо, аймгийн удирдлагууд, шатрын спортын дэд мастер Ц.Бишээ агсны гэр бүл, үр хүүхдүүд хамтран ажиллалаа.

Шатрын спортын дэд мастер Ц.Бишээ гуай 30 гаруй жил орон нутагт шатрын спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, онолын болон практик тоглолтыг Ховд аймагтаа нутагшуулж, хүүхэд багачуудад шатар тоглох аргачлалыг заан сургахад анхаарч ажиллаж байжээ.

Ц.Бишээ агсны нэрэмжит шатрын нээлттэй тэмцээний үйл ажиллагаа нь Ховд аймагт анх удаа зохион байгуулж буй 2023 оны Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнтэй уялдаж, шатар сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, тамирчид харилцан туршлага солилцох боломж олгож байгаагаараа онцлогтой. 

Дэд мастер Ц.Бишээ агсны нэрэмжит шатрын нээлтэй тэмцээнд оролцогчид швeйцар систeмээр 9 өрөг тоглож, шилдгүүдээ тодрууллаа.  

Тус тэмцээнд оролцогчдын дунд Дэлхийн шатрын холбооны мастер 1, Спортын мастер 3,  Дэд мастер 7,  1 дүгээр зэргийн тамирчид 20 байсан нь тэмцээний чанар чансааг илүү тодотгож өгөв.  

Ингээд шатрын тэмцээний нээлттэй ангилалд Ховд аймгийн "Мянган хожил" клубийн дасгалжуулагч, дэд мастер Б.Энхбаяр, Баян-Өлгий аймгийн Дэд мастер Н.ЖантөреДэлхийн шатрын холбооны мастер Ш.Хурманбай, Ховд аймгийн өсвөрийн тамирчин Г.Буяннэмэх, спортын мастер Х.Баттулга нар манлайллаа. 

Мөн эрэгтэй, эмэгтэй төрөлд болон 12 хүртэлх насны өсвөрийн эрэгтэй, эмэгтэй шатарчдын ангилалд, "Ховдын тамирчид" ангилалд тус тус шилдэг шатарчин шалгаруулж, мөнгөн шагнал олгов.

Шатрын 2023 оны насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн хуваарийн дагуу Ховд аймагт үргэлжилж байна. Тус аймаг 10 гаруй хоног шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх ажил өрнүүлэхээр төлөвлөсөн.

Үүний нэг бол Шатрын спортын дэд мастер Ц.Бишээ агсны нэрэмжит дээрх тэмцээн юм.  

関連ニュース