ДАРХАН-УУЛ: Газар хөдлөлтийн цагийн байдалд штабын бие бүрэлдэхүүн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-06-15 16:50:33

Дархан /МОНЦАМЭ/.  Дархан-Уул аймагт “6.9 магнитудын хүчтэй газар хөдөлж, Дархан сумын орон сууц барилгын 20 хувь нь нурсан” гэх цагийн байдлаар “Орон нутгийн онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн үйл ажиллагаа, гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт штабын дадлага танхимаар явагдаж байна.




Дархан-Уул аймгийн Онцгой комисс, Удирдлагын тогтолцооны менежментийн баг энэ үеэр өгөгдсөн цагийн байдал дээр гамшгийн үеийн хариу арга хэмжээг онолын болон практик дадлага сургуулиар хийж гүйцэтгэн ажиллах ажээ.

Цахимаар Дархан-Уул аймгийн дөрвөн сумын онцгой комиссын бүрэлдэхүүн, танхимаар аймгийн хэмжээн дэх ЕБС, СӨББ, их, дээд сургуулиудын удирдлагууд тус штабын дадлагад мөн оролцож байна.




Монгол Улсын Шадар сайд Дархан-Уул аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг таван өдрийн хугацаанд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан үндсэн харьяаллын бус Дархан суманд амьдардаг иргэд болон түр оршин суугчдыг бүртгэж байна. Ингэснээр гамшиг ослын үед иргэдийн тоон судалгаа гаргах, мэдээллээр хангахад чухал ач холбогдолтой аж.



Ташрамд, энэ сарын 16-ны 16.00 цагт зарлан мэдээллийн дуут дохио ажиллуулах байсан ч ЭЕШ болж байгаа тул аймгийн онцгой комисстой зөвшилцсөний дагуу 19.00 цаг болгож хойшлуулжээ.

関連ニュース