ХОВД: Хүүхдийг усны аюулаас сэргийлэх үүднээс хариуцлагатай эргүүлийн баг гаргана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамт олон үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх "Үрсээ эрсдэлээс хамгаалья" нөлөөллийн аян зохион байгуулж байна.
Тус байгууллагын мэргэжилтнүүд Буянт гол дагуу зусланд гарсан айлууд, аялал зугаалга, амралтаар явж байгаа иргэд болон хүүхэд багачуудтай уулзаж, үер усны аюулаас сэрэмжлүүлэх мэдээ, зөвлөмж танилцуулж байна. Голын усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, эрсдэлээс хамгаалахыг тэд зөвлөлөө.
Бага
насны хүүхэд, ахмад настнуудыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх,
асран хамгаалагчдын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү аяны үйл
ажиллагаа 7 дугаар сарын 7-ны өдөр
хүртэл үргэлжилж, хариуцлагатай эргүүлийн баг гарган ажиллах юм.
Энэ
сарын 15-ны өдрийн байдлаар Ховд голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 11
см, Буянт голынх үерийн түвшнээс 11 см-ээр давж нэмэгдсэн байна. Мөн Булган голын усны түвшин 22 см, Үенч голынх 20
см-ээр давж үерлэсэн байна.
Ойрын
өдрүүдэд голуудын усны түвшин нэмэгдэж, үерийн болон үерийн аюултай түвшинд
хүрч байгаа тул бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр голын усанд оруулах,
голын эрэг орчмоор явуулахгүй байх, эдгээр гол дагуу зусланд гарсан айлууд
гэр, хашаа хороогоо үерийн бүсэд барихгүй байх, суваг шуудуугаа гүнзгийлэх
зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын амь нас, эд
хөрөнгийг хамгаалахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.