ЗАВХАН: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах хуулийн хэлэлцүүлэгт иргэд идэвхтэй оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт 683 иргэн оролцож саналаа өгчээ.
Монгол Улсын Их Хурлаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг 1998 онд баталсан бөгөөд уг хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн нэр төрийг сэргээн цагаатгах, тэдэнд тусламж дэмжлэг үзүүлэн нөхөх олговор олгох, дурсгалыг мөнхжүүлэх ажлыг хийж байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэд олон нийтийн санал авах хэлэлцүүлгийг Завхан аймгийн хэмжээнд явуулжээ. Хэлэлцүүлгийг 24 сумын иргэний танхимд зургаадугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт орон нутгийн иргэд идэвхтэй оролцож байна.
Тухайлбал, Түдэвтэй сумын иргэн Монгол улсын гавьяат багш Д.Жамсранжав: “Улс төрийн хэлмэгдүүлэлт бол өнгөрсөн жаранд болж өнгөрсөн манай улсын түүхийн хамгийн бараан үйл явдал, түүхийн салшгүй хэсэг. Хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах үйл ажиллагаа маш нягт нямбай, урт хугацааны туршид үргэлжлэх ёстой. Цаашид ч олон зуун хэлмэгдэгсдийг цагаатгаж, дурсгалыг нь хүндэтгэж явах учиртай. Үүнээс хойш ахиад ч хугацааг сунгах хэрэгтэй. Маш зөв хуулийн төсөл өргөн барьж байгаа юм байна” гэв.
Харин Түдэвтэй сумын Засаг дарга Ц.Отгонбаяр: “Цагаатгалын улсын комисст ажиллаж байсан хугацаанд маш олон хүний өргөдлийг хүлээн авч байсан. Гэвч иргэдийн ирүүлсэн материалууд нь баримт бичгийн бүрдэлт бүрэн биш шалтгаанаар буцдаг. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдээс хойш их хугацаа өнгөрсөн учраас түүхэн сурвалж, баримт олдохгүй цагаатгагдаж чадаагүй, олон хүн үлдэж байна. Тиймээс хууль үргэлжлэх ёстой” хэмээн онцолж байсан тухай аймгийн ИТХ-ын ажлын алба цахим хуудастаа мэдээлжээ.
Ташрамд, Завхан аймгийн ИТХ-ын ажлын албанаас 24 суманд ажиллаж, соёлын биет өв болох сүм хийдүүдийн үйл ажиллагаатай нь танилцах, бүртгэлжүүлэх. Сүм хийдүүдийн хамгаалалт, тэдгээрт байх эд өлгийн зүйлс ном судрын хадгалалт хамгаалалтад анхаарал хандуулахад заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж.
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь улсын төсөвт зардал үүсгэхгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль болон Хүний эрхийн түгээмэл тунхаглалын зүйл заалтуудтай нийцэж буй учир дараах эерэг үр дагаврыг бий болгож байна.
Цагаатгах ажил хуульд заасан хугацааны дагуу цаашид үргэлжлэн хэлмэгдсэн иргэдийг цагаатгах, нэр төрийг нь сэргээх эрх зүйн орчин бүрдэнэ. Хуулийн зүйл, заалтад шаардлагатай өөрчлөлтийг оруулснаар хууль хоорондын зөрчил арилна.
Хуулийн үйлчлэх хугацааг сунгаж, хууль батлагдсанаар улс
төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэх этгээдийг цагаатгуулах тухай өргөдөл, гомдлыг
шийдвэрлэх болон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн боловч хэрэг материал нь
бүрэн шалгагдаагүй 451 хэрэг, өмнө шинэ нөхцөл байдлаар шалгаад улс төрийн
хэрэгт холбогдсон болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр мөрдөн
байцаалтыг зогсоосон 166 хэрэг, орон
нутгийн архиваас татан төвлөрүүлсэн 20 хэрэг, нийт 637 хэргийг бүрэн шалгаж
цагаатгах.
Улс төрийн шалтгаанаар баривчлагдаж ЗХУ-д шийтгүүлсэн иргэдийн
хэргийн материалыг судалж, тэднийг цагаатгах, цагаадсан иргэдийн материалыг
татаж авах эрх зүйн орчин бүрдэж улс төрийн хэлмэгдүүлэлтийн улмаас нийгэмд
учирсан хор хохирол, үүсэж бий болсон шалтгаан нөхцөл, хэлмэгдэгсдийг
цагаатгах. Нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэхэд бодитой хувь нэмэр
оруулах болно” гэж Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын
комиссын цахим хуудаст мэдээлжээ.