ЗАВХАН: Бичил төслийг санаачилж, хэрэгжүүлж буй хүүхдүүд туршлагаа солилцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт 100 энтрепренер сурагчийн
туршлага солилцох уулзалт боллоо.
Японы
Хүүхдийг ивээх сангийн техникийн дэмжлэг, арга зүйгээр "Орон нутгийн өсвөр
үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох" төсөл 2019-2023 онд хэрэгжиж, олон үр дүнг өгч байна.
Үүний нэг нь 100 энтрепренер сурагчийн туршлага солилцох уулзалт юм. Энэ үйл ажиллагаанд төсөл хэрэгжиж буй Баянтэс, Их-Уул, Улиастай сумын Политехникийн сургууль, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэлмэн, Тэс гэсэн долоон сумын 9 сургуулийн 100 суралцагч, төслийн удирдагч багшийн хамт оролцлоо.
Орон
нутгийн хүүхдүүд өөрсдийнхөө хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, эрэмбэлж, тухайн
орон нутагтаа нэн шаардлагатай байгаа шинэлэг, сонирхолтой ажлуудыг санаачилж,
бичил төсөл болгон, амжилттай хэрэгжүүлсэн жишээнүүд байна.
Тухайлбал, орон нутгийн хүүхдүүд, зураг хэвлэх, скайнердах, шаардлагатай бичиг баримтыг нь шивж өгөх гэхчлэн хэвлэлийн жижиг төсөл, фото студи, гялгар уутны хэрэглээнээс татгалзахыг уриалж, төрөл бүрийн даавуун торыг өөдөс, хэрэглэдэггүй жижиг материал ашиглан төрөл бүрийн загвараар өөрсдийн гараар оёж борлуулах.
Сурагчдын хэрэгцээ шаардлага хангасан сонирхолтой номуудтай номын сан, хичээлээ
хийх, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх номын кафе, гарын доорх материал
ашиглан байгальд ээлтэй, бэлэг дурсгалын зүйлс, гар урлалын бүтээгдэхүүнүүд гэхчлэн
олон төрлийн үйлчилгээг үе тэнгийнхэн болон сумын иргэддээ зориулж төсөл болгон
хэрэгжүүлж байна.
Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох үйл ажиллагаанд 9 сургуулийн 1472 суралцагч хамрагдаж, 268 хүүхэд өөрсдийн хамтарсан бичил бизнесийн төслийг хэрэгжүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл 9 сургуулийн нийт 59 төслийг 163 сая төгрөгөөр Японы хүүхдийг ивээх сангаас санхүүжүүлсэн байна.
Суралцагчдын өөрсдийн идэвх санаачилга, оролцоо, хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжиж байгаа эдгээр төслүүд. Төслүүдийн сайн туршлагыг бусад сургуульд хүргэх хэрэгцээ, шаардлага байгаа учраас туршлага солилцох уулзалтыг зохион байгуулсан.
Тиймээс Завхан аймаг Улиастай сумын ерөнхий боловсролын таван сургууль, Хөгжим бүжгийн коллеж, Алдархаан, Идэр, Цагаанхайрхан, Яруу сумын сургуулиуд гээд 10 нэгжид төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Японы Хүүхдийг ивээх сангийн мэргэжил,
арга зүйн дагуу дээрх төслийг 2023-2024 оны хичээлийн жилд хэрэгжүүлэхээр боллоо. Харин үлдсэн бусад сумын ерөнхий боловсролын сургуульд энэ
төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Японы Хүүхдийг ивээх санд уламжлаад байна.
Ер
нь хүүхэд өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип
боловсрол олгох ажлыг амжилттай хэрэгжүүлсний
үр дүн нь тухайн орон нутагт жижиг үйлдвэр үйлчилгээг хөгжүүлээд зогсохгүй
өсвөр үеийн хүүхэд багачуудад амьдралын ухааныг цогц олгож байгаагаараа давуу
талтай юм гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.