ЗАВХАН: Санаагаа бодит болгон туршсан хүүхдүүдийн номын кафегаар заавал зочлоорой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-19 12:50:56

Улиастай /МОНЦАМЭ/. Аймгийн Даян Очир зусланд болсон 100 энтрепренер сурагчийн туршлага солилцох уулзалтад оролцож, санаагаа бодит болгон туршиж буй Butterfly бичил төслийн амжилтын түүх энгийн бөгөөд бахархам.


Японы Хүүхдийг ивээх сан нь Японы Нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламж, Дэлхийн банкны менежментийн дор хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар Энтрепренершип боловсрол олгох” төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Энэ төслийн үр шимийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 860 гаруй хүүхэд хүртжээ. Эдгээрийн нэг болох Тэс сумын хүүхдүүдийн нээсэн номын кафены талаарх мэдээллийг хүргэж байна.


Тэс суманд хаврын урьтай зэрэгцэн шинэхэн үйлчилгээ нээгдсэн нь Butterfly бичил төслийн багийн Номын кафе юм. Энэ кафег Тэс сумын ерөнхий боловсролын сурагч Г.Цэнгүүн, Б.Нандин-Эрдэнэ, Д.Чингүүн, А.Азжаргал, Э.Тэмүүлэн нарын суралцагч санаачлан ажиллуулж байна. Эдгээр сурагчид Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар Энтрепренершипийн боловсрол олгох төслийн ESEL сургалтад хамрагдсан сурагчид юм. Хүүхдүүд маань нэг баг болж бичил төслийн уралдаанд өөрсдийн бизнесийн санаагаа төлөвлөн оролцож эхний оролдлогоор санхүүжилтээ авах эрхтэй болжээ.  


Алслагдсан сумын сурагчдад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх болон хамтран хичээлээ давтах тохилог газар ховор, бараг л байхгүй.

Харин үүнийг дээрх сурагчид анзаарч судалгаа явуулсан байна. Ихэнх сурагчид тав тухтай орчинд цагийг үр дүнтэй ашиглангаа хөгжих газар бидэнд зайлшгүй хэрэгтэй гэж хариулснаар Butterfly баг бизнес санаагаа биелүүлэхээр нэгэн зорилгын дор нэгдсэн байна. Багийнхны хэлж буйгаар хэсэг хугацаанд ч сурагчдад хувийн чөлөөт орон зайг үүсгэж өгснөөр хөгжилд нь үнэтэй хувь нэмэр оруулж болно гэж итгэсэн. Түүнийгээ ч зөв болохыг өдөр бүрийн хөдөлмөрийнхөө үр дүнгээс олж харснаар бичил бизнесийн үйл ажиллагаагаа ашиг олох гэхээсээ илүү олон найз нөхдөд нь тав тух, эерэг мэдрэмж төрүүлж байгаад туйлын баяртай байдаг гэдгээ илэрхийлж байсан юм.


Хүүхдүүдийн төслийг сум орон нутгаас нь дэмжсэн нь

Тэс сумын төслийн сумын зөвлөлөөс сурагчдад ахуйн үйлчилгээний хэсэгт том өрөөг ашиглуулах боломж олгосноор тэдний бичил бизнесийн эхний суурь тавигдсан аж.


Сурагчид төслөөс авсан эхний санхүүжилтээрээ тус өрөөг тохижуулах болон номын кафедаа номын фонд үүсгэх ажлыг хийжээ. Өөрөөр хэлбэл, өөрсдийн гараар орчноо тохижуулахаас гадна орж ирсэн үйлчлүүлэгч сурагч бүрд тохижилтод гар бие оролцох идэвхжүүлэх арга нэвтрүүлсэн нь үйлчлүүлэгч орж ирсний дараа хүсвэл хана, таазнаас унжуулж байршуулсан эрвээхэйг будаж өөрийн хувь нэмрийг оруулах боломжоор хангасан нь өвөрмөц байсан аж.  


Номын кафе төлбөртэй юу?

Номын кафены үндсэн үйл ажиллагаа нь сурагчид нэг цагийн 800 төгрөг төлөөд хичээлээ хийх, халуун цай үнэгүй уух, найзуудтайгаа ярилцах боломжтой.

Шинэ соргог ном уншмаар байвал тухайн цагтаа номын булангаас дуртай номоо авч унших эрхтэй юм. Түүнчлэн хичээлээ хийж буй сурагчдын дэвтэр, бал зэрэг дуусах тохиолдолд тус кафед байрлах бичиг хэргийн булангаас худалдан авах бололцоог бүрдүүлж өгсөн байна. Номын кафегаа нээснээс хойш нийт 1470 гаруй хүнд үйлчилгээгээ хүргэж чаджээ.


Мөн тэд байнгын үйлчлүүлэгчтэй болох зорилгоор урамшуулалт үнийн саналыг нэвтрүүлсэн бөгөөд 2 цаг нь 1500 төгрөг, 3 цаг нь 2200 төгрөг, 4 цаг нь 2900 гэх байдлаар үнэ тарифаа боловсруулж үйлчилж эхэлсэн нь үйлчлүүлэгчид болон хүүхдүүдэд боломжтой байгаа гэж багийн хүүхдүүд хэлж байсан.


Энэ мэтчлэн Завхан аймгийн Тэс, Баянтэс, Түдэвтэй, Тэлмэн, Их-Уул, Тосонцэнгэл болон Улиастай сумын Политехник коллеж гээд нийт 9 сургууль дээр “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар олгох” төсөл хэрэгжиж олон сайхан өөрчлөлт амжилтын түүхүүд бий болсоор байна.




Butterfly багийнхан амжилтаа адал явдалтай эхлүүлсэн ч ажил хэрэг болгожээ

Багийн сурагчид бид ESEL сургалтад хамрагдсанаар өөрсдийн цагийн менежмент дээр илүү анхаарч багаар хамтран ажиллах туршлагатай болсон. Мөн хараахан бий болоогүй урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдалд, олон талаас нь харах ур чадварт суралцсан бөгөөд, багаар хамтран ажиллах чадвар эзэмшиж цагийг үр бүтээлтэй өнгөрөөх зэрэг олон өөрчлөлтүүд бидэнд бий болсон. Тухайлбал, бид төслөө хэрэгжүүлэх явцад авах бараа бүтээгдэхүүний санхүүгийн тооцоонд үнийн дүнгийн өөрчлөлт гарч байсан. Тиймээс тоо ширхгийг цөөлөх гэх мэт асуудлууд тулгарч байв.


Мөн дотоод засал чимэглэлд төлөвлөөгүй зардал гарах бүрд бид асуудлыг багаараа ухаалгаар сайн шийдсэн гэж боддог. Тиймээс бичил төсөл бичиж буй багууддаа санхүүгийн тооцооллоо маш бодитой хийж багийн нийт гишүүдийнхээ үзэл бодлыг сонсон хоорондоо сайн ярилцаж сурах нь ямар ч бэрхшээлийг даван туулах хамгийн зөв зүйл байдаг юм байна гэдгийг бичил төсөл хэрэгжүүлж байх явцдаа сайтар ойлгож авсан.  



ESEL сургалт болон бичил төсөл хэрэгжүүлэх, санаагаа бодит болгон туршиж буй энэ үйл явцаас сурсан багаар ажиллах, ногдсон үүргээ ухамсарлах. Бусдыг буруутгалгүй сонсож сурах, өөрсдийгөө илэрхийлэх чадвар, аливаад нээлттэй хандах. Бизнес сэтгэлгээний зах зухаас мэдэрч буй энэ бүхэн маань биднийг насанд хүрсэн хойно ч тэр, ажил амьдралд маань ч үнэлж баршгүй том оюуны хөрөнгө оруулалт болсон. Хүүхдүүд бидний санаачилсан төслийг дэмжиж байсан үе тэнгийнхэн, төслийн сумын зөвлөл,  Японы Хүүхдийг Ивээх Сангийн нийт ажилчдад, хөтөлбөрийн зөвлөхүүдэдээ талархаж байна.


Та бүхэн боломжтой бол, мөн үзэсгэлэнт Тэс суманд маань аялахдаа, ажлаар зорчихдоо манай номын кафед заавал ирж тухлаарай. Мөн Тэс сумын нийт хүүхэд багачууд, сурагчдын өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно гэдгийг дуулгая.


“Манай үйл ажиллагааг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн төв дэмжиж, номын хандив цуглуулж илгээсэнд талархаж байна.


Хүүхдүүд бид өөрсдөдөө тулгамддаг олон асуудлын гарц гаргалгааг хамтдаа гаргаж, хамтдаа илүү олон асуудлаа шийдвэрлэх боломжтой гэдгийг бидний багийн ажил буюу бичил төслийн амжилт маань харуулж байна. Тиймээс аливааг хийе гэж зоригловол дэмжих, ойлгох хүмүүс их байдаг.

Гагцхүү зогсолтгүй л хүсэж тэмүүлэх ёстой юм байна гэдгийг бид ойлгож авсан” гэж Butterfly багийнхан дуулгалаа.


Японы Хүүхдийг ивээх сан нь Японы Нийгмийн хөгжлийн сангийн  буцалтгүй тусламж, Дэлхийн банкны менежментийн дор хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар Энтрепренершип боловсрол олгох” төслийг Ховд, Завхан, Өвөрхангай, Говь-Сүмбэр, Сүхбаатар аймгийн 25 суманд 2019-2023 оны хооронд хэрэгжүүлж байна. Төслийн үндсэн хамтрагчаар Боловсрол шинжлэх ухааны яам, Насан туршийн боловсролын үндэсний төв, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим ажиллаж байгаа аж.


関連ニュース