ХОВД: 400 орчим оюутан энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-20 15:52:14

Жаргалант /МОНЦАМЭ/.  МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль өнөөдөр Эрдмийн баярын үйл ажиллагаа зохион байгууллаа. 

 

Монгол Улсын их сургуулийн 78, Ховд аймаг дахь салбар сургуулийн 41 дэх удаагийн эрдмийн баяр ийнхүү тохиож байна. 


Орон нутгийн ууган их сургууль болох Ховд их сургууль нь Засгийн газрын бодлогоор Монгол Улсын их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургууль болон өргөжсөн энэ түүхэн хичээлийн жилд 400 орчим оюутан орон нутагтаа суралцан төгсөж, энгэрийн тэмдэг, диплом гардан авлаа.   


Өөрөөр хэлбэл,  Монгол орны баруун бүс нутагт 44 дэх жилдээ боловсролын үрийг тарьж, бакалавр 10828, магистр 1844, доктор 9, нийт 12681 дээд боловсролтой мэргэжилтэн төгсгөн гаргасан Монгол Улсын их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургуулийг өнөөдөр бакалаврын 20 хөтөлбөрөөр 231, магистрын 10 хөтөлбөрөөр 109 нийт 340 суралцагч төгсөж байгаа. Үүнээс бакалаврын түвшний 23, магистрын түвшний 53 суралцагч нь гадаад оюутан байв. 

 

Их сургуулийн Эрдмийн баяр бол Монгол Улсын хөгжлийг түүчээлэх шилдэг залуусаа ажил, амьдрал, амжилт бүтээлийн замд нь үдэн гаргадаг үдэлтийн баяр бөгөөд эх орноо хөгжүүлж, тив дэлхийд нэрээ цуурайтуулах цаг нь болсон хэмээн урам итгэл өгөн мордуулж буй бахархлын баяр билээ. Энэхүү баярын үйл ажиллагаанд төгсөгчдөөс гадна аймгийн Засаг дарга Э.Болормаа, тус сургуулийн удирдах ажилтан, багш нарын төлөөлөл оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэд оюутнуудыг эрдэм ухаанаа амьдралдаа зөв ашиглан эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулж, салбар салбартаа манлайлан ажиллахыг хүслээ. 

 

 

関連ニュース