ЗАВХАН: Аялагч, жуулчдад зориулсан замын тэмдэглэгээний тоог нэмнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймаг энэ
жил аялагч, жуулчдад зориулж бодлогын чанартай үйл ажиллагаануудыг зохион
байгуулж байна.
Тухайлбал, аяллын бүс нутгуудын тоог нэмэх. Олон нийтэд сурталчлан таниулах, хямд, боломжийн үнэтэй, тав тухтай амарч, аялж болох амралтын газрууд жуулчны баазуудыг нээх ажлыг бодлогоор дэмжих. Аялагчдад зориулсан ариун цэврийн байгууламж, хогийн цэг, аяллын маршрутын тэмдэгжүүлэлтэд онцгой анхаарч байна.
Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Энэ ажлыг эрчимжүүлэхээр БОАЖ-ын сайдын 04, 02 дугаар албан даалгаврууд хэрэгжиж байгаа.
Аймгийн Байгаль орчин аялал
жуулчлалын газраас 24 сумын Засаг дарга, байгаль орчны улсын хяналтын байцаагч,
байгаль хамгаалагч нарт үүрэг чиглэл өгч, албан даалгаврыг бодит ажил хэрэг
болгон ажиллаж байна.
Тодруулбал, сум тус бүр дээрх албан даалгаврын хүрээнд төлөвлөгөө гарган ажиллаж байна. Ялангуяа аяллын бүс нутгуудын хог хаягдал, ариун цэврийн байгууламжийг сайжруулах. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад стандартыг хангуулах. Жуулчид амрагч нарт зөв зохистой аялах, мэдээлэл зөвлөгөөг цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд өгч байна.
Энэ онд “Тэлмэн нуурын бүсийн зураг төсөв”-ийн ажлыг “Сонголт дизайн" ХХК хийж, дуусах шатандаа явж байна. Аймгийн аяллын маршрутын дагуу тэмдэг тэмдэгжүүлэлт хийх ажлыг долоо, наймдугаар сард эрчимтэй хийнэ.
Аймгийн аяллын гол бүс нутгууд болох Алдархаан, Улиастай, Отгон, Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Тэс гэхчлэн 10 суманд 80 ширхэг тэмдэг тэмдэгжүүлэлтийг байршуулахаар Томандё" ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна.
Улаагчны хар нуур, Мухартын голын
эргийн хамгаалалтыг сайжруулахаар дүмбэн зурвасыг "Эко Грийн түнш" ХХК-тай гэрээ
байгуулж эргийн хамгаалалтын ажлыг хийж эхэлсэн.
Мөн Завхан аймгийн 100 жилийн ойг
угтаж 24 сумын аялал жуулчлалын онцлог бүхий контент нэвтрүүлэг хийхээр төлөвлөсөн.
Төсвийн тодотголоор Отгонтэнгэр уулыг зорих аялагч, жуулчдад зориулан Отгон
суманд ариун цэврийн байгууламж нэмж барихаар болсон.
Өнөөдрийн байдлаар аймгийн 100 жилийн ойтой холбогдуулан Улиастай сумын Засаг даргын А\164 дүгээр захирамжаар Богд, Чигэстэй голын сав дагуу иргэдэд тодорхой заасан газарт гэр буудал бариулж байна. Учир нь томоохон ой, тэмдэглэлт баярууд, амралт зугаалгын улиралд Улиастайд аялагчдад зориулсан түр байрлах байр сууцны эрэлт нэмэгддэг. Ингэснээр түүхэн ойгоо зорьж ирсэн зочид, аялагч, жуулчдад тав тухтай байрлах байр, сууц, аюулгүй хоол хүнсээр хангагдах хүртээмж нэмэгдэх юм.
Түүнчлэн аймгийн 100 жилийн ой
болон зочлох жилийн хүрээнд аймгийн Аялал жуулчлалын холбоотой хамтран зочлох
үйлчилгээний төрөлжсөн сургалтуудыг хийж байна. Өнөөдрийн байдлаар зочид
буудал, ресторан, жуулчны баазуудад ажилладаг 60 гаруй үйлчилгээний ажилтнууд дээрх
сургалтад хамрагдсан байна.
2022 онд жуулчдын тоо өмнөх оныхтой харьцуулахад 34 хувиар нэмэгдсэн нь Завхан аймгийг зорин ирэх жуулчид цаашид ч өсөх хандлагатай байна.
Энэ оны байдлаар Завхан аймагт дөрвөн зочид буудал, 33 дэн буудал, 21 жуулчны бааз ажиллаж байна. Харин зургаан рашаан сувилал, 17 гэр буудал гээд нийт 81 байгууллага ажиллаж байна.
Жил ирэх тусам аялагчид, жуулчдад зориулсан үйлчилгээний чанар, орчин нөхцөл, сайжирч, амралтын газар, зочид буудал, жуулчны баазуудын тоо нэмэгдэж байгаа нь талархууштай юм. Гэсэн хэдий ч аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэх зарим бодлогууд хангалттай хэрэгжихгүй байна.
Завхан аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх
бодлогын баримт бичгүүдтэй. Тодруулбал, Улаагчны хар нуур парк төсөл, Мастер
төлөвлөгөө, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аялал
жуулчлалтай холбоотой ажил зэрэг томоохон бодлогын баримт бичгүүдтэй боловч
БОАЖЯ, орон нутгийн зүгээс аялал жуулчлалын салбарт зарцуулах төсөв маш бага
байдаг. Тиймээс дээрх бодлогын баримт бичгийн хэрэгжилт хангагдахгүй байгаа нь
харамсалтай юм гэж Завхан аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.