Сөүлд усны автобусны үйлчилгээг ирэх оноос нэвтрүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын нийслэл Сөүл хотын засаг захиргаа Хан мөрнөөр усны автобусны үйлчилгээ нэвтрүүлэх төлөвлөгөөгөө өнөө өглөө танилцуулаад, тендерт оролцох хүсэлтэй операторуудыг долоодугаар сарын 14 гэхэд баримт бичгээ ирүүлэхийг урьжээ.
Хотын засаг
захиргаа долоодугаар сарын 21 гэхэд сонгон шалгаруулалтын дүнг зарлана. Улмаар ирэх
оны хоёрдугаар хагаст хотын баруун хэсгийн “Gimpo” гүүрнээс зүүн өмнөд хэсгийн
“Jamsil” гүүрний хооронд усан замын автобусны арилжааны үйлчилгээг нэвтрүүлэхийг
зорьж байгаа ажээ.
Тендерт шалгарсан компанид эхний жилийн хугацаанд зургаан автобус, хоёр дахь жилдээ 10 гаруй автобус
үйлчилгээндээ нэвтрүүлэх шаардлага тавина. Түүнчлэн автобус бүр хамгийн багадаа
150 зорчигч, 20 унадаг дугуй тээвэрлэж, цагт 37 км-ээс дээш хурдлах хүчин чадалтай байх ёстой
байна.
Сөүл хотын дарга
О Се Хун энэ оны гуравдугаар сард Их Британид айлчлах үеэрээ Темза мөрнөөр Лондоны “River Bus”-аар зорчжээ. Үүний дараа Сөүлийн засаг захиргаа усан замын
автобусны төслийг эхлүүлсэн байна. “River Bus” нь голын эргийн дагуух гол цэгүүдийг
холбосон зорчигч тээврийн үйлчилгээ юм.
Сөүлийн засаг захиргаа усан замын автобусны үйлчилгээг хотын дурсгалт газруудыг аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдтэй холбоход мөн хуурай газрын нийтийн тээвэрт нэмэлтээр үйлчлэх усан тээврийн хэрэгсэл болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Түүнчлэн уг үйлчилгээнд учирч болзошгүй саад бэрхшээлийг шийдвэрлэнэ гэдгээ тэмдэглэсэн байна.