“Титан”-ы сүйрлийн шалтгааныг шалгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-06-26 11:33:43

ВАШИНГТОН. /DW/. АНУ-ын Эргийн хамгаалалтын алба “Титан” шумбагч аппаратын сүйрлийн шалтгааныг шалгаж байгаагаа ням гарагт мэдэгджээ.


“Титан” Атлантын далайн ёроолд буй “Титаник” хөлөг онгоцыг үзэхээр аялж явах үедээ сүйрсэн бөгөөд ослын улмаас шумбагч аппаратын бүхээгт байсан таван хүн бүгд амиа алдсан юм.


АНУ-ын Эргийн хамгаалалтын алба Канадын Тээврийн аюулгүй байдлын зөвлөл уг ослыг шалгаж байгаагаа мэдэгдсэнээс нэг хоногийн дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. 


Түүнчлэн Франц, Их Британийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагаа мэдэгджээ.


Тус алба “Титаник” хөлгөөс 488 метрийн зайнаас шумбагч аппаратын хэлтэрхийнүүд олдсон талаар өнгөрсөн пүрэв гарагт мэдээлсэн билээ.


Эргийн хамгаалалтын алба шалгах ажиллагааны талаар юу гэж мэдээлэв?

Эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч Жейсон Нойбауэрийн мэдээлснээр, далайн ёроолоос шумбагч аппаратын үлдэгдэл хэлтэрхийнүүдийг цуглуулах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд ослын газрын зураглалыг гаргасан байна.


“Одоогийн байдлаар далайн ёроолоос хэлтэрхийнүүдийг олж илрүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна” гэж тэрбээр хэлээд, дэлхий даяар далайн бүсийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай зөвлөмжийг өгөх замаар үүнтэй төстэй тохиолдлуудаас урьдчилан сэргийлэхийг зорьж байгаагаа ярьжээ.


Ж.Нойбауэрийн хэлснээр, “шумбагч аппаратын ажиллагааны аюулгүй байдлыг дэлхийн хэмжээнд сайжруулахад хувь нэмрээ оруулахын тулд” далайгаас олдсон эд зүйлсийг Олон улсын далайн байгууллага болон бусад байгууллагад хүргүүлэх ажээ. Мөн албаныхан “Титан”-ы бүхээгт байсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй холбоотой ажиллаж байгаа бөгөөд цогцосны үлдэгдэл олдвол шаардлагатай бүх арга хэмжээг авна гэдгийг мэдэгдсэн байна. 

関連ニュース