БАЯН-ӨЛГИЙ: Е.Женисбек морьт барилдааны дэлхийн аварга болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-06-26 15:54:55

Өлгий /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсад морьт барилдааны (аударыспах) анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-24-ний өдрүүдэд боллоо.


Тус тэмцээнд ОХУ, Монгол, Казахстан, Тажикистан, Киргиз, Узбекистан, Турк зэрэг дэлхийн 15 орноос 100 орчим тамирчин оролцов.


Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас Баян-Өлгий аймгийн Казахын ард түмний үндэсний спортын төрлүүдийн холбооны тэргүүн А.Ромоор ахлуулсан 5 тамирчин оролцож, 70, 80, 90, 100, 100+ кг жинд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.


Тэмцээний 90 кг-ын жингийн ангилалд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын уугуул Е.Женисбек түрүүлж дэлхийн аваргын болзол хангалаа. Мөн 70 кг жинд Ногооннуур сумын тамирчин М.Журагат хүрэл медаль, 80, 90, 100 кг жинд зодоглосон Е.Өмиртай, С.Женисбек, Ж.Бахытжан  нар шагналт 4 дүгээр байрт шалгарсан байна.


Багийн дүнгээр Монголын баг тамирчид 3 дугаар байрт оржээ.


Морьт барилдаан буюу казахаар "аударспах" нь казахын ард түмний морин дээр барилдаж тоглодог үндэсний спортын төрөл юм. Эрчүүд морин дээр нэг нэгэнтэйгээ ноцолдон барилдаж, өрсөлдөгчөө унагаасан нь ялагчаар тодордог. Тухайн спорт нь Дундад Азийн киргиз, татар, узбек, каракалпак зэрэг ард түмнүүдийн ч үндэсний тоглоом юм. 

関連ニュース