ЗАВХАН: Жил бүр тарьж ургуулах модоо үрээр үржүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-27 15:57:29

Улиастай/МОНЦАМЭ/. Сонгино сум жилд 15 мянган модыг тарьж ургуулах зорилт тавьжээ.


Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Завхан аймаг дэмжин ажиллаж байна. Тус аймаг үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл 20 саяас доошгүй модыг тарьж ургуулна. Ингэхдээ жил бүр хоёр саяас доошгүй мод, бут сөөг тарих зорилтыг дэвшүүлсэн аж.


Сонгино сум үндэсний хөдөлгөөнийг дэмжиж аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийнхээ оролцоотой жил бүр 15 мянган модыг тарьж ургуулахаар төлөвлөсөн байна.

Өнгөрсөн жил 8500 гаруй модыг тарьж ургуулсан бөгөөд модны амьдралтын хувь 70 гаруй хувьтай байна. Өнгөрсөн жил 10 гаруй төрлийн мод буюу улиас, бургас, шар хуйас, чацарганын модны тарьц суулгацыг суулгасан.


Харин энэ хаврын тариалалтаар нийт 7508 ширхэг тарьцыг суулгаад байна. Мод тарих ажилд иргэд идэвхтэй оролцож байгаа нь сайшаалтай. Энэ хавар гэхэд 1508 ширхэг модыг айл өрх, аж ахуйн нэгжүүд суулгаж, арчилж ургуулж байна. 


Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас сум бүрт хүлэмж олгосон. Энэ хүлэмжинд тухайн жилдээ тарьж ургуулах модны тарьцыг суулгаж үржүүлж байна.

Тухайлбал энэ хавар гэхэд хүлэмжиндээ шар хуайс, шинэс модыг үрээр нь үрсүүлсэн. Хоёр жилийн дараа суулгах тарьцаа бэлдсэн гэсэн үг юм. Нийт 5000 ширхэг улиас бургасны мөчир суулгасан. 



Сонгино сумын хувьд сүүлийн гурван жил дараалан бэлчээрийн даац хэтэрсэн. Цаг агаарын байдал тааламжгүй, нийт нутаг дэвсгэрт хуурайшилт, цөлжилтийн нөхцөл хурдастай явагдаж байгаа.

Тиймээс элсний нүүлтийг багасгах, цөлжилтөөс сэргийлэх үүднээс иргэн бүр, аж ахуйн нэгж бүр гадна орчиндоо зүлэгжүүлэлт хийх, цэцэрлэгжүүлэлт хийх, нийтийн эзэмшлийн зам талбай болон сумын төвийн орчимд мод тарьж, арчилж, тордож ургуулах ажлыг идэвхтэй хийж байна.


Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлж, бодит ажил хэрэг болгож чадвал бид ногоон байгууламжаа сэргээж цөлжилтөөс, хуурайшилтаас сэргийлж чадна.

Тиймээс бид жил бүрийн хавар, намрын мод тарих үйл ажиллагааны үеэр модыг хэрхэн тарьж ургуулах, арчлах, ямар мод хөрсөнд ямар нөлөө үзүүлдэг гээд техникийн зөвлөгөө өгдөг.


Мод тарьж ургуулахын ач холбогдол, хөрс, ус, орчноо хамгаалахад иргэд хэрхэн оролцох гэхчлэн олон талын мэдээллийг өгч байна. Түүнчлэн малын бэлчээрийг өнжөөх амраах, ногоон зурвас байгуулах, хамгаалах ажлуудыг эрчимтэй хийж байна. Энэ жил гэхэд малын тэжээл тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор 140 га талбайд ногоон тэжээл тариалсан.

Ногоон зурвасыг 2 га газарт байгуулаад байна гэж Сонгино сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Чулуунцэцэг мэдээлэв. 


Ташрамд Сонгино энэ хавар нийт 4 га-д төмс, 4.2 га-д хүнсний ногоо тариалжээ. Тухайн жилийн ургацаас шалтгаалан сумын иргэдийн хэрэгцээний 80 орчим хувийг төмс хүнсний ногоогоор хангадаг ажээ. 

関連ニュース