Хятад улс Японы хүнсний бүтээгдэхүүний импортыг хязгаарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-07-07 14:18:48

БЭЭЖИН. /Xinhua/. Японы “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын /АЦС/ цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгах шийдвэр гарсантай холбогдуулан тус улсын 10 мужаас бүтээгдэхүүн импортлохыг хориглож байгаагаа БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар мэдэгджээ. 


"Цацраг идэвхт бодисоор бохирдсон япон хүнсийг Хятад руу экспортлохоос сэргийлж, Хятадын хэрэглэгчдийн импортын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах үүднээс Хятадын гаалийн байгууллага Фүкүшима зэрэг 10 мужаас хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглож байна" гэж мэдэгдэлд дурдсан байна.


Японы Цөмийн эрчим хүчний зохицуулах газар уг станцын усыг далайд асгах төлөвлөгөөг өнөөдөр буюу баасан гарагт баталсан юм.


Олон улсын атомын эрчим хүчний агентлаг /ОУАЭХА/ АЦС-ын усыг далайд асгах Японы төлөвлөгөөний талаарх тайлангаа долоодугаар сарын 4-нд танилцуулж, уг төлөвлөгөө нь олон улсын стандартад нийцэж байгааг онцолсон байна. Станцын усыг далайд асгаснаар бүс нутгийн оршин суугчид болон экологийн тогтолцоонд маш бага нөлөөлнө гэж ОУАЭХА үзэж байгааг тус байгууллагын тэргүүн Рафаэль Гросси мөн Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр онцлон тэмдэглэжээ. 


Одоогийн байдлаар 2011 оны гуравдугаар сард цунамийн улмаас осол гарах үед реакторуудыг хөргөхөд ашиглаж байсан 1.25 сая гаруй тонн ус станцын нөөцлүүр савуудад хуримтлагдсан байна. Энэ усыг 30 жилийн хугацаанд үе шаттайгаар далайд асгахаар төлөвлөжээ. ОУАЭХА усыг асгах үйл явцад байнгын хяналт тавина. Хэдийгээр усыг цэвэршүүлсэн ч цацраг идэвхт тритий агуулагдсан хэвээр байгаа аж. Японы Засгийн газар усыг далайд асгах үед энэ бодисын агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ундны усны тогтоосон стандартад нийцсэн байна гэж мэдэгдсэн юм.


関連ニュース