ХОВД: Ойн бүсэд зориулалт бусаар ашиглаж буй газрыг чөлөөлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-07-09 08:58:23

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд хотын Ойн бүсэд зориулалт бусаар ашиглаж байсан газрыг чөлөөлөх үүднээс зарим иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болголоо. 

Ойн бүсэд эрх мэдэл бүхий албан тушаалтнууд газар эзэмшдэг шударга бус тогтолцоо байгааг иргэд, олон нийт шүүмжилдэг байсан. Ингээд мэргэжлийн байгууллагын судалгаа, дүгнэлтэд үндэслэн 33 иргэн, 3 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Жаргалант сумын Засаг даргын захирамжаар 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүчингүй болгожээ.

Газрын тухай хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгжүүд 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж сумын Засаг даргын мэдэлд шилжүүлэх журамтай. Дараагийн шатанд аймгийн тусгай хэрэгцээнд авч, үе шаттай ажил хэрэгжүүлнэ.

Цаашид иргэд, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж Ойн бүсэд Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр Ховд хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэд эрүүл, аюулгүй орчинд чөлөөт цагаа өнгөрөөх боломж бүрдэх юм. Энэхүү соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнг бусад хотуудын жишгээр байгуулахыг зорин ажиллаж байна гэж Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. 

関連ニュース