Нидерландын Засгийн газар цагаачлалын асуудлын улмаас огцорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-07-09 12:59:26

АМСТЕРДАМ. /Reuters/. Нидерландын эрх баригч эвсэл цагаачдад оршин суух эрх олгох асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас Ерөнхий сайд Марк Рютте болон түүний Засгийн газар огцорлоо.


Марк Рютте цагаачлал бол нийгмийн ноцтой асуудал тул намууд энэ асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүйд “маш харамсаж байна” гэж мэдэгджээ. Мөн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан Засгийн газар эхлүүлсэн ажлаа дуусгаж чадаагүйд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. 


Орогнол хүсэгчдийн асуудлаарх Нидерландын намуудын санал зөрөлдөөн нь тус улсад улс төрийн хямралд хүргээд байна. Рюттегийн “Эрх чөлөө, ардчиллын төлөөх ардын нам” хүсэлт гаргагчдын урсгалыг хязгаарлах ёстой гэж шаардсан боловч парламент дахь Засгийн газрын эвслийн бүрэлдэхүүнд багтсан дөрвөн намын хоёр нь ийм арга хэмжээ авахыг эсэргүүцжээ. Ерөнхий сайдын нам гэр бүлээ нэгтгэх хөтөлбөрийн дагуу орогнол хүсэгчийн хувиар тус улсад орж ирж болох хүмүүсийн тоог хязгаарлах санал тавьсан нь санал зөрөлдөөнийг улам хурцатгасан байна.


Нидерландад цагаачлалын бодлогыг чангатгах шаардлагатай байгаа нь оршин суух эрх хүсэгчдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой юм. Өнгөрсөн жил энэ тоо гуравны нэгээр нэмэгдэж, 50 мянгад хүрсэн бол энэ жил 70 мянгад хүрч, 2015 оны дээд үзүүлэлтээс давах төлөвтэй байна.


Марк Рютте 2010 онд Нидерландын Ерөнхий сайд болжээ. Үүнээс хойш тэрбээр дөрвөн удаа засгийн газрыг тэргүүлсэн бөгөөд сүүлчийн Засгийн газраа өнгөрсөн оны нэгдүгээр сард удирдаж эхэлсэн юм. Рютте 1990-ээд онд “Uniliver” компаниас ажил мэргэжлийн гараагаа эхлүүлсэн бөгөөд 2002 оноос хойш улс төрд орсон байна. Тэрбээр Ерөнхий сайд Жан Питер Балкенандын үед Засгийн газарт ажиллаж, Төлөөлөгчдийн танхимд сонгогдож байжээ. 


Рютте мөн 2006 оноос хойш тэргүүлж буй намынхаа даргаар үлдэх эсэхээ шийднэ гэдгээ мэдэгдсэн байна.


関連ニュース