ЗАВХАН: Алдарт дуучны хөргийг зуржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/.
Тус аймгийн төвд дуучин П.Адарсүрэнгийн хөрөг
зургийг зуржээ.
П.Адарсүрэн нь 1942 оны 3 дугаар сарын 1-нд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутагт Хярын зуслан хэмээх газар Цэвэгжавын гурав дахь хүү болон төржээ. Тэрээр хоёр дүүтэй, нэг ах, нэг эгчтэй байсан бөгөөд Пэлжээгийнд өргөгдөн Цагаанчулуут суманд амьдарч байсан гэдэг.
Завхан нутгийн бахархал болсон төдийгүй Ар халхын алдарт дуучин хэмээн монголчуудын шүтээн болсон П.Адарсүрэнгийн хөргийг түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Улиастай сумын Жинст багт байрлах 9 дүгээр байрны ханан дээр зурсан байна. Тус зураг нь Улиастайд том хэмжээтэй зурагдсан гурав дахь зураг бөгөөд, 12х18 метрийн хэмжээтэй мурал арт буюу ханын зураг юм.
Зурагт Завхан аймгийн онцлох түүхүүд болон үнэт өв, бахархал, үзэсгэлэнт газар нутаг, ан амьтадтай нь дуучны хөргийг хослуулан зуржээ. Зургийг Монголын урчуудын эвлэлийн Завхан аймаг дахь салбарын урилгаар, Монголын урчуудын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, Соёлын тэргүүний ажилтан, зураач, А.Сонинбаяр, Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Э.Ганзориг нар зурсан гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
П.Адарсүрэн 1970 оноос Улаанбаатар хотод шилжин Модны хоёрдугаар үйлдвэрийн клубийн эрхлэгчээр ажиллан, 1971 оны 11 дүгээр сарын 6-нд УАДБЧ-д дуучнаар орж, ХЦДБЧ-д 1980-аад оны дунд үед ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болсон бөгөөд 1998 оны 10 дугаар сарын 19-нд насан өөд болжээ.
Ташрамд, 2021 оны 9 дүгээр сард Завхан аймгийн Иргэдийн хурлын тогтоолоор дуучны төрсөн нутаг, Цагаанхайрхан сумын Соёлын төвийг алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэнгийн нэрэмжит болгох тогтоол гарчээ.
Ийнхүү
Цагаанхайрхан сумын соёлын төв дуучны
уран бүтээлүүдийг олон нийтэд сурталчлан таниулах. Жил бүр алдарт дуучны нэрэмжит соёл урлагийн
үйл ажиллагааг зохион явуулдаг уламжлалтай болжээ. Мөн дуучны намтар түүх, уран бүтээлийг залуу
хойч үеийнхэндээ сурталчлан таниулах ажлыг жил бүр зохион байгуулдаг ажээ.
Ар Халхын Алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэнг мэдэхгүй танихгүй хүн ховор билээ. Түүнийг дуулсан дуугаар нь Монголын ард түмэн андахгүй.
Харин уран сайхны кинонд тоглосныг нь тэр бүр мэддэггүй байна. П.Адарсүрэн Чоймболын Жумдаан найруулагчийн 1987 онд бүтээсэн “Тунгалаг Тамир”
киноны Жаргалд тоглосон аж.