БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх Дотоод хэргийн сайдыг огцруулах хүсэлтийг хүлээж авсангүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. Өнгөрсөн онд Сөүл хотын Итэвон дүүрэгт болсон хэрэг явдалтай холбоотойгоор Дотоод хэргийн сайд Ли Сан Минийг албан тушаалаас нь огцруулж, хариуцлагад татах парламентын хүсэлтийг Үндсэн хуулийн шүүх мягмар гарагт хэрэгсэхгүй болгожээ.
Шүүхийн шийдвэртэй зэрэгцэн Ли Сан Миний албан тушаал автоматаар сэргэсэн байна. Өмнөд Солонгосын парламент импичмент зарлахыг дэмжсэний дараа түүнийг албан тушаалаас нь түр түдгэлзүүлээд байсан юм.
Парламентын хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгохдоо Ли Сан Мин нь иргэдийн аюулгүй байдал, амь насыг хамгаалах төрийн албан хаагчийн хувиар хууль ёсны болон Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйг нотлох баримт хангалтгүй гэж үзсэн байна.
Өдгөө 58 настай Ли Сан Мин нь Үндэсний ассамблейгаас импичмент зарласан Засгийн газрын анхны сайд болжээ.
Уг хэрэг явдлыг шалгахаар байгуулагдсан ажлын хэсэг 74 хоног үргэлжилсэн мөрдөн шалгалтынхаа дараа хотын цагдаагийн газар болон захиргааны албан тушаалтнууд сүнсний баярыг тохиолдуулан олон хүн цугларна гэж таамаглаж байсан ч олон нийтийг хянах үр дүнтэй арга хэмжээг төлөвлөөгүй гэж дүгнэсэн байна. Сөүлийн цагдаа нар 100 000 гаруй хүн цуглана гэж үзэж байсан тул тухайн өдөр ослын газар 137 алба хаагчийг илгээжээ. Мөн маш олон хүн цуглаж байна гэж анхааруулга өгсөн утасны дуудлагуудыг үл тоомсорлосон байна. Хамилтон зочид буудлын ойролцоох нарийхан гудамжинд хүмүүс унаж, шахцалдаж эхлэхээс өмнө албаны хүмүүс арга хэмжээ авч чадаагүй, түргэний эмч нарыг ослын газарт түргэн шуурхай хүргэхийн тулд ослын газарт хяналт тогтоогоогүй байна
Цагдаа нар хүний аминд санамсаргүй хүрсэн, албан тушаалдаа хайхрамжгүй хандсан зэрэг хэргээр 23 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд тэдний тал орчим хувь нь хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд юм.
Өнгөрсөн оны 10 дугаар сарын 29-нд Сөүл хотын Итэвон дүүргийн нарийн гудамжинд сүнсний баяр тэмдэглэхээр цугласан хүмүүсийн дунд шахцалдаан үүссэний улмаас 156 орчим хүн амь насаа алдсан эмгэнэлт явдал гарсан билээ.