ЗАВХАН: Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ тогложээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-07-28 18:18:56

Улиастай/МОНЦАМЭ/. Яруу суманд Монгол улсын морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ зочилж хуурын аялгуугаа эгшиглүүлжээ.


Өнөөдөр Яруу сумын төвд Монгол улсын Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирж, саяхан Монгол улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдрыг хүртсэн тус сумын уугуул Рэнчингийн Амарбаяр болон төрсөн нутгийнх нь зон олон, уул усанд хүндэтгэл үзүүлэн хуурын эгшгээрээ мялаалга өргөлөө. Тус арга хэмжээ сумын төвийн урд зүгт байрлах Соёмботой хөшөөн дээр эхэлж 30 орчим минут хуурын аялгууг эгшиглүүллээ гэж Яруу сумын ЗДТГ-аас мэдээлэв.  


Монгол улсын Соёлын элч Морин хуурын чуулга нь НҮБ-ын индэр, Япон, Америк, Герман, Солонгос, Орос, Хятад, Австри, Итали, Франц, Швейцар зэрэг дэлхийн олон орны алдартай тайзнаа хуурын аялгуугаа эгшиглүүлсэн.


Монгол орны гайхамшигт өв соёлыг дэлхий дахинаа таниулан сурталчилж яваа Монгол улсдаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй чуулга юм.


Морин хуурын чуулга одоогийн байдлаар Монгол улсын 300 гаруй сумаас зөвхөн дөрвөн суманд бүрэн бүрэлдэхүүнээрээ зочлон очиж тоглоод байгаа юм.

関連ニュース