ХОВД: Шилийн голын зуслангийн айлууд зөвхөн морь, тэмээгээр нүүж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-07-31 09:58:34

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн нутаг, Шилийн голын зусланд "Зуслангийн нэг өдөр" үйл ажиллагаа боллоо.

Шилийн голын зусланд Зэрэг сумын Бураа, Хөндлөн багийн 50-иад айл өрх жил бүр 45-60 хоногийн хугацаанд нутагладаг. 


Далайн түвшнээс дээш 2700 орчим метрийн өндөрт орших, өндөр уулын бүс энэ нутагт зуншлага сайхан байна. Энэ нутагт машин, техник очих ямар ч боломжгүй. Тиймээс малчид нь морь, тэмээгээр нүүдэл хийдэг аж. 


"Зуслангийн нэг өдөр" үйл ажиллагаанд Шилийн гол, Эхэн босго, Хүрээ, Хэвийн эхэн, Ногоон нуур гэх мэт ойр орчмын зуслангийн 70 гаруй айлын 150 орчим иргэн оролцжээ.  Тэдэнд аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын баг төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, санал бодлыг сонслоо.


Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд "Хөдөөгийн сэргэлт" зорилтын дагуу "Зуслангийн нэг өдөр" үйл ажиллагааг сумдад тусгай хуваарийн дагуу зохион байгуулж, төрийн бүтээмжийг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа тухай Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

関連ニュース