Польш улс Беларусьтай залгаа хил рүүгээ 10 мянган цэрэг илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-08-11 15:41:11

ВАРШАВ. /CNN/. Бүс нутагт “Wagner” компанийн цэргүүдтэй холбоотой болгоомжлол үүсээд буй энэ үед Польш улс Беларусьтай залгаа зүүн хил рүүгээ 10 мянган цэрэг илгээхээр төлөвлөж байна.


Wagner”-ийн цэргүүд Орост бослого гаргасныхаа дараа тус улсын ойрын холбоотон болох Беларусьт байрлаж байгаа юм.


Хил дээр байрлуулах 10 мянган цэргийн 4000 нь хил хамгаалалтанд шууд дэмжлэг үзүүлэх бол үлдсэн 6000 нь нөөцөд байх болно гэж Польшийн Батлан хамгаалахын сайд Мариуш Блащак олон нийтийн радиод мэдээлэл өгөх үеэрээ хэлжээ. Тэрбээр уг шийдвэрийг тайлбарлахдаа, Польшийн агаарын орон зайг цэргийн хоёр нисэх онгоц зөрчсөнийг дурдсан байна. Харин Беларусийн тал эл мэдэгдлийг “үнэмшилгүй” хэмээн няцаажээ.


“Беларусийн нисдэг тэргүүд Польшийн агаарын орон зайг зөрчсөн явдлыг Беларусийн мэдэгдлээс үүдэн дутуу үнэлж болохгүй” гэж М.Блащак хэлээд, эл үйлдлийг бас нэгэн өдөөн хатгалга гэж дүгнэжээ. “Беларусьт болж буй бүхнийг Оросын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулдаг ” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Лхагва гарагт М.Блащак хил рүү нэмж цэрэг илгээнэ гэдгийг хэлсэн боловч хэдэн цэрэг илгээх талаар мэдээлэл өгөөгүй хэмээн Польшийн төрийн мэдлийн “PAP” агентлаг мэдээлжээ.


Үүнтэй зэрэгцэн Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу баруун хил дээрээ хүчээ зузаатгах төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Польшид цэрэгжүүлэх үйл явц өргөжиж байгаа нь уг алхмыг хийх шалтгаануудын нэг гэдгийг Шойгу хэлсэн байна .


Польш улсад сүүлийн долоо хоногуудад Беларусь дахь “Wagner”-ийн хүчинтэй холбоотойгоор түгшүүрт байдал үүсээд  байгаа юм. Тухайлбал, наймдугаар сарын эхээр Польш, Литвийн хоорондох Сувалкийн зурвас гэдэг газрын ойролцоо хөдөлгөөн нэмэгдсэн нь “Wagner”-ийн хөлсний цэргүүд НАТО, ЕХ-ны улсуудад шахалт үзүүлэхийг оролдсон бололтой.


Хэдхэн хоногийн өмнө Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки ярихдаа, “Wagner”-ийн цэргүүд хилээр нэвтрэхийн тулд цагаачдын дүрд хувирч магадгүй хэмээн анхааруулжээ. Беларусийн өөр нэг хөрш орон болох Литва ч мөн адил “Wagner”-ийн учруулж болзошгүй аюулаас сэрэмжлэн хил хамгаалалтаа чангатгасан байна.



 

関連ニュース