Эцэг нь нас барсан гэдгийг О.Кармона финалын дараа сонсож мэджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-08-21 11:19:15

СИДНЕЙ. /BBC/. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий шувтаргын тоглолтод ялалтын гоолыг оруулсан Испанийн шигшээ багийн ахлагч Ольга Кармона эцэг нь нас барсан тухай эмгэнэлт мэдээг тоглолтын дараа сонсож мэджээ.


Өдгөө 23 настай О.Кармонагийн оруулсан цорын ганц гоолын ачаар Испанийн шигшээ багийнхан дэлхийн аваргын цомыг өргөсөн билээ. Испани бүсгүйчүүд ням гаргийн орой англичуудыг 1-0 харьцаагаар буулган авсан юм.


“Реал Мадрид” клубийн зүүн жигүүрийн хамгаалагчийн эцэг удтал хүндээр өвчилсний эцэст өнгөрсөн баасан гарагт насан өөд болсон тухай “Reuters” агентлаг мэдээлжээ.


“Испанийн Хөлбөмбөгийн холбоо О.Кармонагийн эцэг нас барсанд гүнээ эмгэнэн гашуудаж байна. Хөлбөмбөгчин маань энэ гунигт мэдээг ДАШТ-ий финалын дараа сонссон. Бидний зүгээс Ольга болон түүний гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Бид чамд хайртай, Ольга, чи бол Испанийн хөлбөмбөгийн түүх билээ” гэж тус холбоо нийгмийн сүлжээний хуудсандаа нийтэлсэн байна.


Испанийн “Relevo” цахим хуудсанд бичсэнээр, тамирчны гэр бүл, найз нөхөд нь түүнийг шувтаргын тоглолтдоо түлхүү анхаарах нь зүйтэй гэж үзээд гашуудалт мэдээг түүнд сонсгохгүй байхаар шийджээ. Түүнчлэн бямба гарагт ээж, ах, дүү нар нь түүнийг дэмжихээр Австралид ирсэн байна. “Реал Мадрид” клубийн зүгээс мөн Ольга болон түүний ар гэрийнхэн, хайртай дотны хүмүүст нь эмгэнэл илэрхийлжээ.

 


関連ニュース