Дүүжин замд гацсан сурагчдыг аварчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ИСЛАМАБАД. /ВВС/. Дүүжин замаар явж байгаад гацсан хүүхдүүд ба насанд хүрсэн хоёр хүнийг аврах ажиллагаа Пакистанд амжилттай явагдаж дууслаа.
Албаны хүмүүсийн ярьснаар, 10-16 насны 6 хүүхэд, 2 том хүн дүүжин зам
ашиглан сургууль руу явж байх үед татлага гэнэт тасарсны улмаас газраас дээш
274 м-ийн өндөрт гацаж өлгөгджээ. Аврагчид ирэх хүртэл 4 цаг орчмын хугацаанд
тэд дүүжин замын вагон дотор байсан бөгөөд вагон нь ганцхан татлага дээр тогтож
байв.
Энэ осол Пакистаны Хайбер-Пахтунхва мужийн нутаг дахь Аллай
гэдэг уулсын дундах хөндийд орон нутгийн цагаар 07 цагт болжээ.
Аллай бол далайн түвшнээс дээш 2000 м-ийн өндөрт оршдог
уулархаг бүс нутаг бөгөөд энд зам харгуй огт байдаггүйгээс гадна тосгон суурингууд
хоорондоо хол зайтай аж. Иймээс нэг уулнаас нөгөө рүү дамжихын тулд дүүжин
замын өргөгч ашиглах нь түгээмэл бөгөөд өдөрт 150 гаруй сурагч дүүжин замаар
сургуульдаа ирж очдог байна.
Дүүжин зам дээр гацсан дээрх сурагчид Аллай уулсын хөндийд
амьдардаг бөгөөд өмнө нь сургуульдаа очихын тулд 2 цаг гаруй алхдаг байжээ.
Иймээс нутгийн нэгэн механикч залуу дүүжин замын өргөгчийг санаачлан хийсэн
бөгөөд үүний ачаар ердөө 4-хөн минутанд уул руу гарах боломжтой болжээ.
Уг өргөгчөөр дөрвөн удаа сурагчдыг нааш цааш зөөсөн бөгөөд
тавдахь удаад татлага нь тасарсан байна.