Е.Пригожин зорчигчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /BBC/. “Вагнер” цэргийн хувийн компанийн үүсгэн
байгуулагч Евгений Пригожиний нэр Москвагаас баруун хойд зүгт осолдон сүйрсэн хувийн
онгоцны зорчигчдын жагсаалтад бичигдсэн байсан тул түүнийг амиа
алдсан гэж таамаглаж байна.
Е.Пригожиний
эзэмшлийн хувийн онгоц долоон зорчигч, нисэх багийн гурван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Москвагаас
Санкт-Петербургийн чиглэлд нисэж байх үедээ Тверь мужид осолдсон байна. Хэвлэлүүдийн
мэдээлж буйгаар, бүх 10 цогцсыг гаргаж авчээ.
“Вагнер” компанитай
холбоотой “Telegram” суваг болох “Gray Zone” уг онгоцыг Оросын арми буудаж
унагасан хэмээн нотлох баримтгүйгээр өмнө нь мэдээлсэн байв.
Оросын төрийн мэдлийн
хэвлэлүүдэд мэдээлснээр, онгоц хагас цаг хүрэхгүй хугацаанд ниссэнийхээ дараа
газарт унаж шатжээ. Ослын шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг
эхлүүлсэн байна.
Е.Пригожин бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний ойрын хүн байсан боловч тэрбээр зургаадугаар сард Оросын цэргийн удирдлагын эсрэг бослого зохион байгуулж, бүтэлгүйтсэний дараа тэдний харилцаа мууджээ.