ДУНДГОВЬ: Эрчим хүчний хэмнэлттэй ЧИП багцыг 15 өрхөд хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-08-24 18:09:17
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, ШХА-ийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн хүрээнд “Нүүрсгүй шийдэл, монгол гэрт зориулсан дулаалга, халаалт, сэлгэлтийн ЧИП багц”-ыг Дундговь аймгийн 15 өрхөд өнөөдөр хүлээлгэн өглөө.



УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг тус аймгийн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон бага насны олон хүүхэдтэй, гэрт амьдардаг дээрх өрхүүдэд ЧИП багц олгох төслийг санаачлан ийнхүү хэрэгжүүлсэн байна.

ЧИП багцыг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комлан, төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хамтаар ирж дээрх өрхүүдэд гардуулан өгсөн ба үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, ХХҮГ-ын дарга Г.Хишигдаваа болон төслийн ажилтнууд, албаны бусад хүмүүс оролцжээ.


Агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, иргэдийн ая тухтай, дулаан амьдрах нөхцөлийг сайжруулах, зардлыг бууруулах ач холбогдол бүхий ЧИП багцыг 2022 оны 12 дугаар сард Сайнцагаан сумын 50 өрхөд хүлээлгэн өгч байсан бөгөөд хэрэглэгч иргэд сэтгэл ханамжтай байгааг аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр хэлсэн үгэндээ онцолсон.



НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комлан хэлсэн үгэндээ: “энэхүү ЧИП багцыг Монгол Улсын хэмжээнд 2000 гаруй өрх хэрэглэж эхэлсэн.  Энэ нь маш сайн чанартай, агаарын бохирдлыг бууруулахаас гадна таны болон таны хүүхдүүдэд тустай, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ” хэмээн онцлоод цаашид аймгийн ЗДТГ-аас санаачлан энэхүү төслийг хэрэгжүүлж, хамтран ажиллахыг хүссэн юм. Түүнчлэн тус багцыг анх хэрэглэж байгаа өрхүүд цаашид бусад хүмүүст танилцуулж, сурталчлах үүрэг хүлээх ёстой  гэлээ.



УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороны дарга Б.Саранчимэгээс төслийн талаар тодруулахад “Дундговь аймгийн иргэдийн гаргасан саналын дагуу Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, ШХА-ийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төсөлд хандаж, хүсэлт гаргасны дагуу 15 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй, халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн иж бүрэн багцыг олгохоор болж, өнөөдөр хүлээлгэн өгч байна.

Эрүүл аюулгүй орчинд амьдарна гэдэг их чухал. Өвлийн хүйтэнд гал түлэхгүй, дулаан амьдарна, мөн маш их цаг зав хэмнэдэг, зардал бууруулах ач холбогдолтой” гээд төслийн багийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.



ЧИП багц хүлээн авсан Сайнцагаан сумын иргэн С.Батмөнхөөс сэтгэгдлийг нь хуваалцахад: “Сэтгэгдэл маш өндөр байна. Монгол гэртээ гал түлэхгүйгээр тав тухтай, дулаан амьдрах орчинг бүрдүүлж байгаад чин сэтгэлээс талархаж байна. Байгаль орчинд ээлтэй, агаарын бохирдлыг бууруулсан их ач холбогдолтой технологи байна. Бидэнд энэ багцыг үнэгүй өгч байна. Үдээс өмнө яаж ажиллуулах тухай заавар зөвлөгөө өгсөн” гэлээ.  






関連ニュース