Зимбабвед сонгуулийн ажиглагчдыг баривчилж, санал хураах хугацааг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-08-25 11:50:43

ХАРАРЕ. /DW/. Зимбабвед саналын хуудсыг санал хураах байруудад хуваарилан тараах явцад саатал гарсны улмаас сонгогчид саналаа өгч чадаагүй тул пүрэв гарагт тодорхой хэд хэдэн дүүрэгт санал хураалтыг хоёр дахь өдрөө сунган үргэлжлүүлжээ. 


Тэдгээр дүүрэгт санал хураалтыг дахин нэг өдрөөр сунгахыг зөвшөөрсөн ерөнхийлөгчийн зарлиг гарсан бол сөрөг хүчний зүгээс, дүрэм журам зөрчигдөж, сонгуулийг ажиглаж байсан 20 гаруй хүн баривчлагдсаныг шүүмжилсэн байна. Тодруулбал, лхагва гарагт сонгогчдыг олон цагийн турш хүлээлгэсэн 40 орчим тойрогт санал авах хугацааг сунгажээ. Гэхдээ асуудалтай тойргууд нь сонгуулийн нийт тойргийн нэг хүрэхгүй хувь нь бөгөөд хамгийн олон сонгогчтой нийслэл Хараре хотод ийм 11 тойрогт асуудал үүссэн байна.


Түүнчлэн Зимбабвегийн 10 мужийн гуравт нь санал хураалтыг сунгасан нь сөрөг хүчнийг илүүтэй дэмждэг Хараре, мөн эрх баригч нам давамгайлдаг Төв Машонален муж, ширүүн өрсөлдөөн өрнөдөг Маникален муж орж байна.


Одоогийн Ерөнхийлөгч Эммерсон Мнангагвагийн хувьд улиран сонгогдохоор өрсөлдөж байна. Өдгөө 80 настай тэрбээр 2017 онд болсон цэргийн эргэлтээр улс орныг олон жилийн турш удирдсан Роберт Мугабег түлхэн унагаасны дараа засгийн эрхэнд гарсан юм.


10 хүнтэй өрсөлдөж буй Э.Мнангагва-гийн гол өрсөлдөгч нь “Өөрчлөлтийн төлөөх иргэний эвсэл” намаас нэр дэвшигч, хуульч, номлогч Нельсон Чамиса юм. Зимбабвед инцляц, валютын ханшийн уналт, ажилгүйдэл зэрэг асуудлууд олон жилийн турш хуримтлагдсан тул энэ удаагийн сонгууль нь эдгээр асуудлыг шийдвэрлэхэд нэн чухал ач холбогдолтой.


Гэвч ажиглагчдын зүгээс өрсөлдөөн шударга бус явагдаж магадгүйг анхааруулсаар байна. Эрх баригч “ZANU-PF” нам засгийн эрхийг 43 жилийн турш барьж байгаа бөгөөд төрийн байгууллагуудыг ашиглан сонгуулийг өөртөө ашигтай байдлаар эргүүлж будилаантуулдаг хэмээн сөрөг хүчнийхэн буруутгасаар иржээ.


Пүрэв гарагт Зимбабвегийн цагдаа нар сонгуулийг ажиглаж байсан 30 гаруй хүнийг баривчилсан тухай мэдээлжээ. Харин “Өөрчлөлтийн төлөөх иргэний эвсэл” энэ тухайд мэдэгдэхдээ, эрх баригч нам сандарч байгаагаа иймэрхүү үйлдлээрээ илэрхий харуулж байна гэжээ.


Энэ удаагийн сонгуулийг Европын Холбоо, Хамтын нөхөрлөлийн орнууд, Африкийн Холбоо болон Өмнөд Африкийн хөгжлийн нийгэмлэгийн гишүүн 16 орны ажиглагчид ажиглаж байна. АНУ-ын Төрийн Департамент "улс төрийн хүчирхийлэл гарч болзошгүйд" санаа зовниж байгаагаа илэрхийлсэн юм.


Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер мэдэгдэхдээ, “Бид Зимбабвегийн Засгийн газар болон улс төрийн удирдлагуудад хандан сонгуулийг хүчирхийлэл, дарамтгүй явуулахыг уриалж байна” гэжээ. Мөн олон улсын сэтгүүлчид болон иргэний нийгмийн төлөөлөлд сонгуулийг ажиглах зөвшөөрөл олгохгүй байгааг шүүмжилсэн байна.


Харин Зимбабвегийн Засгийн газар, төрийн мэдлийн хэвлэлүүд "ЕХ болон АНУ-ын ажиглагчид эрх баригч намыг буруутгасан өрөөсгөл байр суурьтай байна" хэмээн шүүмжилж байгаа аж.

 


関連ニュース