ДАРХАН-УУЛ: “Дархан-60” цогцолборын бүтээн байгуулалтууд эхнээсээ ашиглалтад орж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Дархан хот байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд "Дархан хотын соёл амралтын хүрээлэн" ОНӨААТҮГ-ын харьяа “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд Дархан-60 цогцолбор байгуулах ажлыг 2021 онд эхлүүлсэн. Уг цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтууд дуусаж ашиглалтад орж, иргэд үйлчлүүлэх боломжтой боллоо.
Тухайлбал хүүхэд, залуучуудын амралт, чөлөөт цагт зориулсан 3х3 сагсан бөмбөгийн гурван талбай, 5х5 сагсан бөмбөгийн зургаан талбай, дугуй зам, иргэд зорчим зам, гэрэлтүүлгийн ажлууд дууссан аж.
”Дархан-60" цогцолборын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-г дахин төлөвлөж үндсэн хоёр хэсэгт тохижилтыг өрнүүлж байна.
Дараагийн ээлжид гар бөмбөг, экстрим спорт, чулуун, хүүхдийн тоглоомын, өндөр настнуудад зориулсан болон чийрэгжүүлэлтийн талбайг үе шаттайгаар хийх юм. Мөн задгай театр, ногоон байгууламж, ландшафтын ажлууд хийхээр төлөвлөжээ.
Хүүхдийн төмөр замын баруун, зүүн талд тохижилт бүтээн байгуулалтын ажил хийгдэх аж. Төмөр замын баруун талд усан парк барих ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар түлхүүр гардуулах нөхцөлтэй эхлүүлжээ.
Мөн тус цэцэрлэгт хүрээлэнд Музей, аймгийн төв номын сангийн барилгын ажил
үргэлжилж байна. Уг барилга болон дээр дурдсан тохижилтууд бүрэн дууссанаар “Дархан-60” цогцолборын
ажил дуусах ажээ.