Тэрбумтан Т.Гоу Тайванийн засаг захиргааны тэргүүний сонгуульд өрсөлдөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТАЙБЭЙ. /NHK/. Тайванийн “Hon Hai Precision Industry” компанийг үүсгэн байгуулагч Терри Гоу ирэх онд болох Тайванийн засаг захиргааны тэргүүний сонгуульд бие даан нэрээ дэвшүүлснээ мэдэгджээ.
Т.Гоу Тайбэй
хотноо даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, эрх
баригч Ардчилсан дэвшилтэт намыг засгийн эрхнээс буулгах нь зүйтэй гэдгийг онцлоод, тус нам
өнгөрсөн долоон жилийн хугацаанд засгийн эрхийг барихдаа Тайванийг дайны аюул
руу хөтөлж, дотоод бодлогодоо алдаанууд гаргасан гэжээ.
Тэрбээр дэлхийн
хамгийн том электрон төхөөрөмж үйлдвэрлэгчдийн нэг болох “Hon Hai” буюу “Foxconn” нэрээрээ олонд танигдсан компанийг үүсгэн
байгуулсан юм. Түүний хувьд 2016 онд цахилгаан барааны томоохон үйлдвэрлэгч “Sharp” компанийн ихэнх хувьцааг худалдан
авснаараа Японд танигджээ.
“Hon Hai” компани Хятадад томоохон
хөрөнгө оруулалтууд хийсэн
бөгөөд Т.Гоу бол тус компанийн гол хувьцаа
эзэмшигч юм. Даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр хэлэхдээ "Хятад улс дүрэм журмыг нь дагаж
мөрдөөгүйн төлөө “Hon Hai”-н хөрөнгийг хураана гэвэл “Тийм ээ, тэг”
гэж хариулна" гэжээ. Үүний сацуу "би хэзээ ч Хятадын
хяналтад байгаагүй бөгөөд зааврыг нь
дагадаггүй хэмээн ярьсан
байна.
Т.Гоу ирэх нэгдүгээр сард болох сонгуульд
Тайванийн сөрөг
хүчний хамгийн том нам болох
Гоминдан намаас нэр
дэвшихийг эрмэлзэж байсан боловч тус нам Шинэ Тайбэй хотын дарга Хоу Ю-их-ийн нэрийг дэвшүүлжээ. Хоуг дэмжиж байгаагаа Гоу илэрхийлж байсан боловч сүүлийн хэдэн долоо хоногт
өөрийн нэрээр кампанит ажил явуулж байгаа юм.
Харин Т.Гоугийн энэ шийдвэрт ихээхэн харамсаж байгаагаа Гоминдан нам мэдэгдлээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар Т.Гоу бие даан нэр дэвшихийн тулд сонгууль өгөх эрхтэй нийт сонгогчийн 1.5 хувь буюу 290 мянга орчим хүний гарын үсгийг цуглуулах ёстой.
Эрх баригч Ардчилсан дэвшилтэт намаас дэд ерөнхийлөгч Лай Чин дэ-г сонгуульд нэр дэвшүүлсэн бол өөр нэг сөрөг хүчин болох Тайванийн Ардын намыг төлөөлж Ко Вэньже өрсөлдөхөөр болсон байна. Хэрэв Т.Гоу нэр дэвшвэл сөрөг хүчний санал хуваагдаж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Сөрөг хүчний намууд засгийн газрыг өөрчлөх зорилго тавьж байгаа тул хамтран ажиллах тухай асуудлаар яриа хэлэлцээ идэвхжих төлөвтэй байна.