ДАРХАН-УУЛ: Үндэсний шилдэг "Хүүхдийн зөвлөл"-өөр шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-27-ны өдрүүдэд Монголын хүүхдийн зөвлөлийн үндэсний хэмжээний Майхант цугларалт олон улсын Найрамдал зусланд болж өндөрлөлөө.
Уг арга хэмжээний онцлох үйл явдал нь тухайн оны үндэсний шилдэг хүүхдийн зөвлөлийг шалгаруулдаг аж.
21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хүүхдийн зөвлөлүүд тухайн онд хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилсан, хэрэгжүүлсэн ажлын үзүүлэлтээр Дархан-Уул аймгийн хүүхдийн зөвлөл тэргүүн байр эзэлжээ.
Үндэсний
хэмжээний майхант цугларалтын үндсэн хөтөлбөрт: Үндэсний шилдэг Хүүхдийн Зөвлөлийг
шалгаруулах, Монголын Хүүхдийн Зөвлөлийн II үеийн
дэд тэргүүнийг сонгох, "Children for SDGs" бичил
төслийн уралдааныг зохион байгуулах, Монголын Хүүхдийн Зөвлөлийн дүрэмд
нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг багтдаг аж.
Дархан-Уул аймгийн Хүүхдийн Зөвлөл нь 2023 оны эхний хагас жилийн байдлаар үндэсний хэмжээнд жишиг болохуйц үйл ажиллагаа, архивын сангийн хөтлөлт, зохион байгуулалт, тайлан мэдээ зэргээрээ 21 аймаг, 9 дүүргээ манлайлан “Үндэсний шилдэг хүүхдийн зөвлөл”-өөр шалгарчээ.
Өнгөрсөн хагас жилийн хугацаанд 41 ажил, арга хэмжээ
зохион байгуулж, давхардсан тоогоор танхимаар 4500, цахим орчинд 870000 гаруй хүнд хүрч ажилласан байна.
Уг цугларалтад аймаг бүрийн хүүхдийн зөвлөлийн тэргүүн найман гишүүний хамт оролцдог аж. Дархан-Уул аймгийн хүүхдийн зөвлөлөөс найман гишүүн 33000 гаруй хүүхдийг төлөөлөн оролцож үйл ажиллагаагаараа улсдаа тэргүүлсэн батламжаа гардан авчээ.
Хүүхэд
рүү чиглэсэн үйл ажиллагааг ямагт дэмжиж, зөвлөн туслах, ажил хэрэгч байдлаар
хандаж бодит үр дүнг бий болгох нөхцөлийг бүрдүүлдэг Дархан-Уул аймгийн Гэр бүл, Хүүхэд,
Залуучуудын Хөгжлийн
Газар, Дэлхийн Зөн Дархан "Хүүхдийн төлөө орон нутаг төсөл",
Залуучууд хөгжлийн төв, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн
Цэргийн Штаб хувь хүн албан байгууллагын хамт олон, ах эгч нартаа хүүхдийн зөвлөлийн
гишүүд талархлаа илэрхийллээ.