Японы загасчдыг дэмжихэд 20.7 тэрбум иен зарцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-09-05 14:32:23

ТОКИО. /Kyodo/. Фүкүшима атомын цахилгаан станцын /АЦСцацраг идэвхт бодисоос ангижруулсан усыг далайд асгаж эхэлсний дараа Хятад улс Японоос далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг хориглосон билээ. Үүнтэй холбогдуулан Японы Засгийн газраас загас агнуурын салбарт нэмэлт тусламж болгож 20.7 тэрбум иен /141.4 сая доллар/ олгохоор шийдвэрлэснийг Ерөнхий сайд Кишида Фүмио мэдэгдлээ. 


Энэ хүрээнд дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх, далайн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтворжуулах, үйлдвэрлэгчдийн нэр хүндэд хохирол учрах эрсдэлийг бууруулах, гадаадад шинэ зах зээл хайх бодлого боловсруулах, түүнчлэн нөхөн олговрыг түргэн шуурхай, бүрэн хэмжээгээр олгох зэрэг арга хэмжээнүүд багтаж байна.


К.Фүмиогийн засаг захиргаанаас бизнесээ хадгалж үлдэхэд нь загасчдад туслах зорилгоор тус бүр 30 тэрбум, 50 тэрбум иений хуримтлал бүхий хоёр тусдаа сан байгуулснаар загас агнуурын салбарт нийт 100.7 тэрбум иен олгохоор болж байна.


Японы Засгийн газар тус салбарыг “тодорхой улс орнуудад” хийдэг борлуулалтаас хамааралгүй болгохын тулд экспортын сувгуудыг төрөлжүүлэхэд тусламж үзүүлэхээ амлаж байгаагаас гадна усыг далайд асгаж байгаагаас үүдэлтэй байгаль орчинд нөлөөллийн асуудлыг шинжлэх ухаанч нотлох баримтад тулгуурлан яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг Хятадын талд уриалж байгаа юм.


К.Фүмио даваа гарагт ажлын өрөөндөө сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “загас агнуурын салбарыг хамгаална” хэмээн мэдэгдээд, Засгийн газар болон “Фүкүшима” станцын оператор “Tokyo Electric Power Company Holdings” компани тус тусын хүлээсэн үүрэг хариуцлагаа чанд биелүүлнэ гэдгийг онцлон дурдсан байна.


Хятад улс бол Японы загас агнуурын салбарын хамгийн том зах зээл юм. Японы Засгийн газар загасны аж ахуй эрхлэгчид ба Хятадын талын эсэргүүцлийг үл харгалзан “Фүкүшима”-гийн цэвэрлэсэн усыг Номхон далайд наймдугаар сарын 24-ний өдрөөс асгаж эхэлсэн юм. Уг станц 2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамийн гамшигт өртөн сүйрсэн билээ.


Токио, Бээжингийн эрх баригчид усыг далайд асгахтай холбоотой аюулгүй байдлын асуудлаар санал зөрөлдөж, улмаар тогтворгүй байсан хоёр талын харилцаа ээдрээтэй болоод байна. Хятад улсын зүгээс “цөмийн бохирдсон ус”-ыг далайд асгахаа зогсоохыг Японд уриалсаар иржээ.


Харин Японы тал тритийгээс бусад цацраг идэвхт бодисыг цэвэршүүлэх замаар гадагшуулсан тул далайн ус аюулгүй хэмээн мэдэгдэж байгаа юм. Гэсэн хэдий ч Хятад улс усыг далайд асгаж эхэлснээс хойш Японы далайн гаралтай бүтээгдэхүүний импортод бүрэн хэмжээний хориг тавьжээ.


2022 онд Японоос Хятад руу экспортолсон хөдөө аж ахуй, загасны аж ахуйн бүтээгдэхүүн, боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний хэмжээ 278.2 тэрбум иен, Хонконгт нийлүүлсэн хэмжээ 208.6 тэрбум иенд хүрчээ. Үүнээс загас агнуурын бүтээгдэхүүний хэмжээ тус тус 87.1 тэрбум иен, 75.5 тэрбум иенээр хэмжигдэж байв.

 


 

関連ニュース