ЗАВХАН. Улиастай - Алтай чиглэлийн Ганцын давааны замыг засаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-09-06 17:38:58

Завхан /МОНЦАМЭ/. Улиастай-Алтай чиглэлийн улсын чанартай авто зам буюу Ганцын давааны зам засварыг хийж байна. 


Нийт 28 километр бүхий А1103 дугаартай Улиастай- Алтай чиглэлийн улсын чанартай авто замын Ганцын давааны хайрган хучилттай авто замыг тэгшилж индүүдэх, үер усанд эвдэрсэн хэсгүүдийг сэргээн засварлах. Тус зам дагуух гүүр хоолой замын хөвөөг сэргээх ажлуудыг хийж байна.


Энэ чиглэлийн замыг "Завхан АЗЗА" ТӨХК шинээр хариуцахаар болжээ. Тиймээс тус компанийн удирдлагуудтай аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр уулзаж, Улиастай-Алтай чиглэлд зорчиж байгаа иргэдийн тулгамдсан асуудал болоод байгаа энэхүү замын арчлалт, засварыг 9 дүгээр сарын 20-ны  дотор шуурхай, чанартай хийж дуусгахыг үүрэг болгосон байна.


Ганцын давааны зам нь олон жил шинээр шороо асгаагүй, засвар арчлалт муу, замын чулуу хайрга ил гарч нэлээдгүй эвдэрсэн, арчлалт их шаардах тооцоолол гарчээ. Замыг шороо асган тэгшилж, индүүдэхээс гадна үерийн улмаас эвдэрсэн далан шуудуу, жижиг гүүрүүдийг засварлах бөгөөд замын тэмдэг тэмдэглэгээг  сэргээнэ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

  

Ташрамд, "Завхан АЗЗА" ТӨХК нь ойрын хугацаанд улсын чанартай Мөрөн- Улиастай чиглэлийн Согоотын даваа, Нөмрөг-Тэс-Улсын хил чиглэлийн Төөнөтийн даваа, Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын давааны зам засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгээд байгаа аж. 

関連ニュース