ХОВД: Залуусын шинэ бизнeсийг дэмжиж, санхүүжилт олгохоор боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Залуучуудад зориулсан Гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагаа Ховд аймагт боллоо.
Тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас жил бүр залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, тэднийг ажлын байраар хангах зорилго бүхий “Start up” хөтөлбөр, үйл ажиллагаа зохион байгуулдаг.
Энэ удаагийн үйл ажиллагаа гурван өдөр үргэлжилж, өнөөдөр шинэ, шилдэг гарааны бизнeс санааг шалгарууллаа.
Үүнд 100 гаруй иргэн бүртгүүлснээс 30 гаруй нь сургалтад оролцож, 21 шинэ бизнес санааг танилцуулжээ.
Улмаар хоёрдугаар шатанд шилдэг 10 шинэ санаа шалгаруулж, үүнээс модон эдлэлийн бэлдэц үйлдвэрлэлийн “Art CCNC” баг, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Уушиг брэнд” баг тэргүүлж, тус бүр 10 сая төгрөгийн буцалтгүй санхүүгийн дэмжлэг авлаа.
Мөн үндэсний бичгийн хоцрогдол арилгах сургалт зохион байгуулах “Нандин зурлага” баг, үндэсний хэв шинжийг харуулсан спорт хувцас үйлдвэрлэлийн “Star zone” багийн бизнес санааг Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа дэмжиж, тус бүрд 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн гэж ЗДТГ-аас мэдээллээ.
Ховд аймаг 2017 оноос хойш “Start up” хөтөлбөр, үйл ажиллагааг 19 удаа зохион байгуулсан. Нийт 49 бизнес санааг дэмжиж, 470 сая төгрөгийн санхүүжилтийг буцалтгүй болон хүүгүй зээлийн хэлбэрээр олгож, орон нутгийн залуу үeийнхэнд гарааны бизнесээ эхлэх, өргөжүүлэх, ажлын байр шинээр бий болгох боломж бүрдүүлжээ.