ДАРХАН-УУЛ: Лууван хураагч комбайн хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-10-06 17:10:50

Дархан, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Шинэ хөдөө” төсөл, Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Дархан-Уул аймагт ХАА-н дундын баазыг хоёр жилийн өмнө байгуулсан. Дундын баазын өмчид лууван хураагч комбайныг орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдан авч хүлээлгэн өгсөн байна.



Уг комбайныг угсрах ажил дуусаж анхны хураалтаа өнөөдөр хийжээ. Польш улсад үйлдвэрлэсэн лууван хураах комбайн нь өдөрт хоёр га орчим талбайн ногоог хураах хүчин чадалтай аж. Ингэснээр 60-80 хүний хийх ажлыг 3-4 хүн хийх боломжтой боллоо гэж Орхон сумын Засаг дарга онцоллоо.


Лууван хураагч техниктэй болсноор ургацаа цаг хугацаанд нь алдагдалгүй авах боломжтой юм. Өнгөрсөн гуравдугаар сард аймгийн Засаг дарга Орхон сумын иргэдтэй уулзсан. Энэ үеэр тариаланчдын төлөөлөл болон сумын Засаг дарга ургац хураалтын ажил хөнгөвчлөх, комбайнтай болгох санал дэвшүүлсэн юм. Уг саналыг дэмжин ийнхүү худалдан авч тариаланчдын намрын ургац хураалтыг саадгүй үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн аж.



Техник дундын баазад тариалалт, арчлалт, хураалтад зориулсан техникийг улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр худалдан авч нийлүүлдэг. Одоогийн байдлаар тус баазад найман трактор, нэг лууван хураагч комбайн болон дагалдах хэрэгслүүдийг олгоод байна.


Намрын ургац хураалт дуусахаас өмнө дахин нэг лууван хураагч комбайн нийлүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

 

関連ニュース