ЗАВХАН: Иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлж өндөр оноо авсан 16 сум урамшуулал авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Энэ жил тус
аймгийн 24 сумаас 16 сум 615 сая төгрөгийн урамшуулал авчээ.
Тухайлбал, Баянхайрхан, Баянтэс, Сонгино, Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн, Идэр гэхчлэн 16 сум жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээрээ урамшуулал авснаас аймагтаа хамгийн өндөр хувь буюу 93.2 сая төгрөгийн урамшууллыг Тосонцэнгэл сум авчээ. Үнэлгээгээр 60-аас дээш хувьтай үнэлэгдсэн сумдаас Улиастай сум 85.1 сая, Их-Уул сум 71.2 сая төгрөгийн урамшууллыг “Тогтвортой амьжиргаа -3" төслөөс хүлээн авсан байна.
Сумдын орон нутгийн хөгжлийн санд "Тогтвортой
амьжиргаа-3" төслөөс жилийн гүйцэтгэлд нь үнэлгээ хийгээд, эрэмбэлж,
дэлхийн банкны санхүүжилтээр урамшуулал олгодог.
Өөрөөр хэлбэл орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаагаа хууль, журмын дагуу зөв удирдан зохион байгуулж, иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлж харьцангуй өндөр оноо авсан сумд, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийнхөө хэмжээг нь нэмэгдүүлж урамшуулал авдаг ажээ.
Жил бүр сумдын ОНХС-гийн үйл ажиллагааг үнэлдэг “Жилийн
гүйцэтгэлийн үнэлгээ”-г энэ оны долоодугаар сарын 31-нээс эхлэн хийжээ. Энэ жилийн
хувьд өмнөх жилүүдийн адилаар “олон нийтийн оролцоо”, “төлөвлөлт”, “ил тод
байдал”, “хэрэгжилт”, “хяналт, шинжилгээ-үнэлгээ”, “өмчлөл” гэсэн зургаан
бүлгийн нийт 35 үзүүлэлтээр хөндлөнгийн үнэлгээний гурван компани сумдад очиж
ОНХС-гийн үйл ажиллагааг нь газар дээр нь үнэлсэн байна.
Ташрамд, Завхан аймагт энэ жил орон нутгийн хөгжлийн санд 15 тэрбум төгрөг хуваарилагдсан байна. Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амыг харгалзан үзэж хуваарилдаг аж.
Тухайлбал, алслалт 30 хувь, хүн амд 40, нутаг дэвсгэрийн
хэмжээ 30 хувь гээд нийт 100 хувь гэж бүрдээд энэ итгэлцүүрээр хуваарийг
сумдаар гаргаад сангийн яамнаас орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг
баталдаг байна.
2022 оны төсвийн тухай хуульд зааснаар орон нутгийн хөгжлийн
сангийн 50 хувийг нь сумдад, 50 хувийг нь аймгийн орон нутгийн хөгжлийн санд
зарцуулна гэж заасан.
Дээрх заалтын дагуу энэ онд сумуудад 7.5 тэрбум, аймагт 7.5
тэрбум гээд нийт 15 тэрбум төгрөгийн төсөв хуваарилагдсан байна гэж аймгийн
ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсээс мэдээлэв. Орон нутгийн хөгжлийн
сангийн төсвийн зарцуулалт, бүтээн байгуулалтын мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ.