Хятадад баривчлагдсан Австралийн сэтгүүлчийг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-10-11 16:00:07

КАНБЕРРА, 2023 оны аравдугаар сарын 11 /BBC/.  Хятадад тагнуулын хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаад байсан Австралийн сэтгүүлч Чэн Лэй гурав гаруй жил хоригдсоны эцэст суллагдаж эх орондоо эргэн иржээ.


Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезе энэ тухай мэдэгдэхдээ “тэрбээр Гадаад хэргийн сайд Пенни Вонгтой нисэх буудал дээр уулзсан” гэсэн байна. 


Чэн Лэй нь 2020 оны наймдугаар сарын 13-нд баривлагдах үедээ Хятадын төрийн мэдлийн CGTN телевизэд бизнесийн сэтгүүлчээр ажиллаж байсан юм. Түүнийг улсын нууцад хамаарах мэдээллийг хилийн чанад руу хууль бусаар дамжуулсан гэж буруутгажээ. 


“Чэн Лэй Мельбурнд хоёр хүүхэдтэйгээ уулзсан. Түүний гэр бүлийнхний туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү он жилүүд ард үлдэж байна. Засгийн газар энэ цаг мөчийг авчрахын төлөө хүчин чармайлт тавьсаар ирсэн бөгөөд түүнийг дан ганц гэр бүл нь бус бүх австраличууд халуун дотноор угтан авч байна. Хятадын хууль эрх зүйн процессын дагуу түүний асуудлыг шийдвэрлэсэн” гэж Э.Альбанезе мэдэгджээ.


Чэн Лэй баривчлагдсан эхний зургаан сараа ямар ч ял шийтгэлгүйгээр ганцаарчилсан камерт өнгөрүүлжээ. Энэ оны наймдугаар сард тэрбээр шоронд хэрхэн хоригдож байгаа тухайгаа Австралийн ард түмэнд хаягласан нээлттэй захидалдаа бичжээ. “Би нарыг санаж байна. Миний хоригдож буй камерт нарны гэрэл цонхоор тусдаг хэдий ч би жилд ердөө 10 цаг л нарыг харах боломжтой. Австралид амьдарч байхдаа Нарнаас зугтдаг байсандаа итгэж чадахгүй байна... Мельбурн руу буцаж очсоны дараах хоёр долоо хоногт бороо орох байх даа. Би гурван жилийн турш нэг ч мод хараагүй” хэмээн бичжээ.

関連ニュース