Газын зурвас-Египетийн хил дээр олон мянган хүн бөөгнөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-10-17 10:42:50

КАИР, 2023 оны аравдугаар сарын 17 /BBC/. Израилыг хуурай замын ажиллагаа эхлүүлэхээс өмнө Рафах боомтыг нээх талаар дипломат хүчин чармайлт гаргаж байгаа энэ үед Газын зурвасын олон мянган оршин суугч Египеттэй залгаа хил дээр ирээд байна.


Гэвч хилийн боомтыг нээх яриа хэлэлцээнд ямар нэгэн ахиц дэвшил гараагүй байгааг НҮБ мэдэгджээ. Каирын зүгээс Израилыг “хамтран ажиллахгүй байна” хэмээн буруутгасан байна. 


Аравдугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл бөөн хүчээр халдан довтолсны хариуд Израил агаарын цохилт өгсөөр байгаа тул Газын зурвасаас гарах бүх гарц хаагдаад байгаа юм.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен долоо хүрэхгүй хоногийн хугацаанд хоёр дахь удаагаа буюу даваа гарагт Израилд иржээ. Өмнө нь тэрбээр хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх, гадаадын паспорт эзэмшигчдийг нүүлгэн шилжүүлэх гарцыг дахин нээх асуудлыг хэлэлцэхээр бүс нутгийн Арабын зургаан улсад айлчилсан юм.


Э.Блинкен, Их Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Слеверли нар боомтыг дахин нээхийн тулд Израил, Египет болон бүс нутгийн бусад талуудтай хамтран ажиллаж байгаагаа мэдэгджээ.


Өнгөрсөн долоо хоногт ХАМАС бүлэглэл Израил руу дайрч, энгийн иргэд, цэргүүдийг барьцаалж, 1400 гаруй хүнийг хөнөөсөн халдлагын хариуд Израилын арми Газын зурвасыг бүсэлж, ус, хоол хүнс, шатахуун түлшний хангамжийг зогсоосон юм.


Даваа гарагт талууд богино хугацаанд гал зогсоож, Рафах боомтыг түр хугацаагаар нээх талаар мэдээлэл цацагдсаны дараа олон мянган энгийн иргэн хил дээр яаравчлан очжээ. Гэвч Израил ба ХАМАС-ын аль аль нь уг тохиролцоог үгүйсгэсэн юм. 


Үүний дараа Газын зурвасын өмнөд хэсэгт ажиллаж буй ВВС телевизийн сурвалжлагч уг боомтын ойр орчим агаарын цохилтод өртөж, Палестины талын барилга, зам эвдэрсэн болохыг баталжээ.


Израилын тал Газын зурваст агаарын цохилт өгч эхэлснээс хойш Рафах боомтын ойр орчим гурван удаа цохилтод өртсөн байна. Энэхүү гарц нь Газын зурвасаас гарах боломжтой цорын ганц цэг бөгөөд ХАМАС бүлэглэлийн хяналтад байгаа нутаг дэвсгэрт нэвтрэх бусад цэгүүдийг Израил бүслээд байна.


Газын зурваст хүмүүнлэгийн нөхцөл байдал хүндэрч байгаа тул шатахуун түлш, тусламжийн бараа ачсан олон арван ачааны машин Рафах боомтын Египетийн талд нэвтрэх зөвшөөрөл хүлээн зогсож байна. Гэвч Израилын тал аравдугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийнхэнд барьцаалагдсан израилчуудыг суллах хүртэл бүслэлтээ зогсоохгүй гэж мэдэгджээ.


Газын зурваст 155 хүн барьцаалагдаад байна гэж Израилын тал мэдэгдэж байсан боловч энэ тоог 199 болгож нэмэгдүүлсэн байна. ХАМАС бүлэглэлийнхний дайралтаас хойш Газын зурваст ойролцоогоор 2750 хүн амиа алдаж, нэг сая гаруй хүн дүрвэсэн байна.

関連ニュース