СҮХБААТАР: 20 га газрыг хамардаг хогийн цэгээ бүрэн цэгцэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-10-19 14:22:12

Баруун-Урт, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аливаа хот, суурин газарт тулгардаг хамгийн том бэрхшээл бол хог байдаг. Нэгдсэн хогийн цэгийг цэгцэлж, зөв төлөвлөхөд хөрөнгө санхүү ч багагүй шаардагддаг. Тэгвэл Баяндэлгэрийнхэн “Хоггүй Баяндэлгэр” хөдөлгөөнийг өрнүүлж, сумын төвийнхөө хогийн асуудлыг бүрэн шийдвэрлэж чаджээ.


Тодруулбал, ОНХСийн 100 сая төгрөгөөр нэгдсэн хогийн цэгээ цэгцэлж, хуучин 20 га талбайг зөвхөн хогийн цэг эзэлдэг байсныг гурван га болгож, стандартын дагуу хуучин хогийг булшилж, цэгцэлсэн байна. Мөн 120 сая төгрөгийн өртөг бүхий хогийн машиныг орон нутагтаа авч, ААНБ болон айл өрхийн хогийг тогтсон хуваарийн дагуу зөөвөрлөж эхэлжээ.


Тус сум хүн ам, мал олонтой. Иргэдийн амьжиргааных нь гол эх үүсвэр мал аж ахуй. Тиймээс сумын төвд үйл ажиллагаа явуулдаг бойны газрууд ачаалал ихтэй байдаг. Тэр хэрээр тэндээс гарах хаягдал их. Үүнийг цэгцлэхийн тулд хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарчээ. Энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдээс нийт 24 сая төгрөг, орон нутгаас 20 сая төгрөг гаргаж зөвхөн мал нядалгааны газраас гарч буй хог хаягдлыг устгах зориулалтын цэгийг буюу 35х35 харьцаатай таван метрийн гүн тусгай устгалын нүхийг бий болгожээ.


Ингэснээр хогтой холбоотой асуудал бүрэн шийдэгдэж, байгальд хор хөнөөлтэйн дээр сум орон нутгийн өнгө үзэмжид ч сөргөөр нөлөөлөөд байсан асуудлыг бүрэн шийдэж чадсан гэж Баяндэлгэр сумын Засаг дарга Л.Аваадорж ярилаа

関連ニュース