Орхон голоос ундаалсан малын гэдэс өмхийрч байна гэж иргэд ярих болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-09-20 23:08:38

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тэргүүтэй төр засгийн төлөөллүүд 9 сарын эхээр Архангай, Өвөрхангай аймагт ажиллаж, Орхон голын эхэнд алт олборлож буй 14 компаний үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон.

Гэвч ажлын хэсгийнхэн гэртээ харьж ч амжаагүй байхад “хаагдсан” уурхайнууд улам эрчимтэй ажиллаж эхэллээ. Өнөөдрийн байдлаар Орхон гол хүн байтугай мал ус ууж болохооргүй, улаан хоормог болтлоо бохирдсоор байна.

Сүүлийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь малчин иргэд хонь, малаа "хийхэд"  гэдэс нь өмхийрсөн байдаг, мөн Орхон голоос ундны усаа авч буй иргэдийн бие дээр тууралт гарч онош нь тогтоогдохгүй байгаа гэх яриа гараад байгаа юм.

Энэ тухай мэдээлэл, гомдол, санал аймгийн удирдлагуудад ч байнга ирж байгаа учраас Өвөрхангай аймгийн хууль, хяналтын байгууллагууд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дахь Орхон голын эх бүрэлдэх газарт алт олборлож буй компаниудад арга хэмжээ тооцон ажиллахаар болоод байна.

Учир нь байгалийн баялгийг Архангай аймагт үйл ажиллагаа явуулж буй уурхайн компаниуд хүртэж, харин балгийг нь Өвөрхангайн иргэд хүртэж байгаа учраас аймгийн удирдлагууд арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хүрч байгаа гэдгийг Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд хэллээ.

Орхон голын эх бүрдэх Шийрт, Өлт, Тээл, Бодонт, Харгуйт зэрэг дөрвөн аманд алтны ашиглалтын тусгай лиценз 1999 оноос өмнө олгогдсон бөгөөд урт нэртэй хуулийг дагаж хэрэгжүүлэх хууль батлагдсанаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх нь сэргэсэн “Монгол газар”, “Батбродерс”, “Алтайголд”, “БМНС”, “Голден хаммер”, “Алтандорнод Монгол” гэх  компанийн лицензийн эрх дээр 16 компани алт олборлох үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компанийн 14 нь уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ гэх мэт бичиг баримтыг бүрдүүлэлгүй, техник, эдийн засгийн үзүүлэлт гаргалгүй, технологийн наад захын стандарт шаардлагыг хангалгүй, өөрөөр хэлвэл зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.

1999 оноос хойш Цэнхэр сумын Орхон багийн нутаг, Шийртийн амнаас алт олборлож буй “Монгол газар” компани хууль ёсны нэг ч бичиг баримт бүрдүүлэлгүйгээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсан ба өнөөдөр дээрх зөвшөөрөлгүй 14 компанийг гэрээ байгуулан ажиллуулж Шийртийн салааны газар нутгийг тэр чигт нь сүйтгээд байна.

Энэ байдалтай газар дээр нь танилцаж, арга хэмжээ авсан УИХ ба Засгийн газрын гишүүдийн хяналт, шалгалт ямар ч үр дүн өгсөнгүй.

Өвөрхангай Б.Батчимэг

関連ニュース