БАЯНХОНГОР: Өсвөрийн боксын тамирчид аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-10-23 09:27:31

Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн өсвөрийн боксын тамирчид энэ сарын 16-20-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт болсон Олон хотын аварга шалгаруулах холимог насны боксын тэмцээнд аварга боллоо. 


Тодруулбал, Тэмцээнд 12 байгууллагын 108 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, 57 кг жинд Баянхонгорын Бүргэд Боксын клубийн Б.Мөнх-Эрдэнэ, 60 кг жинд М.Билгүүнболд нар алтан медалийн эзэн болж, Хонгор нутгийнхаа нэрийг өргөв.


2023 онд Баянхонгор аймгийн Боксын тамирчид улсын хэмжээнд амжилтаар дээгүүрт оржээ. Зургаадугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол Улсын Ардын багш, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, академич, профессор ОУХМ Д.Бандийн нэрэмжит бага насны боксчдын 2023 оны улсын аварга шалгаруулах "Олимпын гараа" тэмцээнд 49 байгууллагын 487 боксчин оролцсоноос охидын ангилалд Г.Энхгэрэл алтан медаль, хөвгүүдээс М.Билгүүнболд мөнгөн медаль, О.Амартайван, Б.Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн. Мөн Монголын Хүүхдийн спортын зуны VII наадамд Баянхонгорын Бүргэд боксын клубийн тамирчин Г.Энхгэрэл Алтан медаль, О.Амартайван Хүрэл медаль, Б.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн юм.


Сонирхуулахад, Өсвөрийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний "Өсвөр үе 15-16 нас" охидын ангилалд Хонгор нутгийн тамирчин  Г.Энхгэрэл оролцохоор дасгалжуулагч багш Б.Оюунболдын хамт Казакстан улсын Астана хотыг зориод байна. Тэмцээн 10 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 4-ний хооронд болох юм.

関連ニュース