СЭЛЭНГЭ: Хоёр жилд ургуулах тарьц, суулгацыг нэг жилд ургуулдаг болно
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
Сүхбаатар,
2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймагт мод үржүүлгийн чиглэлээр 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. ”Тэрбум
мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьц суулгац нийлүүлэгч
аймаг болно гэдгээ зарласан.
Энэхүү амлалтыг хэрэгжүүлэгч аж
ахуйн нэгжийн төлөөлөл болох “Бугант Нандин” ХХК “Тэрбум мод” үндэсний
хөдөлгөөн эхэлснээр 100 сая мод тарих амлалт авч, түүнийгээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус компани нь Сэлэнгэ аймгийн
БОАЖГ-аас тодорхойлж өгсөн координат цэгтэй талбайг сонгон 2023 онд 3 сая мод
тарих үйл ажиллагааны нэг хэсэг болох, Дундговь аймгийн “Сүлд” цэцэрлэгт
хүрээлэнд, мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант 3-р багийн нутаг “Толгойт”
нэртэй газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайг ойжуулсан байна.
Мөн Бугант 3-р багийн нутаг Майдарын даваа, "Ходоод”-ны урд ар, “Шавартын эх”, 15 ам-ны газрууд, Сэлэнгэ
аймгийн Ерөө сумын “Сөдтэй”, “Нарийн хөндий” нэртэй газруудыг ойжуулж, 70
хувийн ажлын гүйцэтгэлтэй хоёр сая гаруй навчит болон
шилмүүст модыг 840-өөд га талбайд тариалжээ.
Одоогийн байдлаар мод үржүүлгийн
12 га талбайд 13 нэр төрлийн 8 сая орчим тарьц суулгац /нарс, шинэс, монос,
хайлаас, гүйлс, агч, хуш, шар хуайс/ тарьсан байна. Мөн 1-3 наст модны үрсэлгээг
ойн тарилтад бэлтгэжээ.
Мод үржүүлэг ойжуулах чиглэлд 70 гаруй инженер, ойжуулагч, ойн мэргэжилтнүүдийг ажлын байраар ханган
ажилласан байна.
Тус компанийг Монгол Улсын гавьяат инженер О.Алтанцэцэг ахлан ажиллаж байгаа аж.
Цаашид өвлийн хүлэмжтэй
болж хоёр жилд ургуулах тарьц, суулгацыг нэг жилд ургуулдаг байхаар зорилт тавин
ажиллаж байгаа хэмээн тус компанийн захирал С.Батсүх ярив.
Мөн тарьсан модоо хамгаалах нь
хамгийн чухал бөгөөд үүнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хэрэгтэй гэдгийг
ч тэрбээр онцоллоо.
Тус компани БНСУ-ын Байгаль
орчны мониторингийн үндэсний төвийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын хамтын
ажиллагааны хүрээнд 100 сая мод тарих гэрээт ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант
тосгонд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Бугант Нандин” ХХК
нь мод үржүүлгээс гадна ойн нөхөн сэргээлт буюу ойжуулалт, ойд арчилгаа
цэвэрлэгээ хийдэг мэргэжлийн байгууллага юм.