СЭЛЭНГЭ: “Ойн баясах” ХХК жилд 500-600 мянган ширхэг стандартын тарьц суулгац нийлүүлж байна
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
Сүхбаатар,
2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн
ойн ангиудын нэг “Ойн баясах” ХХК тус аймгийн
Шаамар суманд үйл ажиллагаагаа явуулж байна.
“Ойн
баясах” ХХК 3.5 га газарт мод үржүүлгийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд
шилмүүст болон навчит 23-25 төрөл
зүйлийн модыг үржүүлэн тарилтад гаргаж
байгаа ажээ.
Эднийх
жилд 500-600 мянгаар тоологдох стандартын тарьц суулгац тарьж ургуулан улсад
болон иргэдэд нийлүүлж байгаа хэмээн тус компанийн инженер Б.Эрдэнэчимэг ярьж
байв.
Мөн тус хамт олон Тужийн нарсанд 1050 га, Алтанбулаг сумын нутаг дахь Их Дүгэрээд 80 га, нийтдээ 1330 га газарт ойжуулалт хийсэн байна.
Энэхүү
ойжуулсан ажлын үр дүнд өнөөдөр 20-30 нас хүрсэн өтгөн сайхан ой шуугин ургаж
байгаа хэмээн тэрбээр бахархан дурслаа.
“Ойн
баясах” ХХК-ийн хамт олон хамгийн анх удаа Тужийн нарсанд арчилгааны огтлолыг
мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэсэн мэргэжлийн байгууллага гэдгээрээ онцлогтой.
Энэ
хамт олон "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг маш ихээр дэмжин ажиллаж байгаа
бөгөөд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүр аль нэг байгууллагын ногоон
байгууламжид нэмэр болор үүднээс өөрсдийн тарьж ургуулсан модноосоо бэлэглэдэг
байна.
Энэ
намрын тухайд усны ундарга хамгаалах зорилготой “Хамтын төгөл” гэдэг
байгууллагад Б.Норовсүрэн гэдэг зохион байгуулагчаар нь дамжуулан 500 ширхэг агч мод
бэлэглэжээ.
Мөн
компанийнхаа 20 жилийн ойн хүрээнд Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын
хамгаалалтын захиргааны 20 жилд зориулан өөрсдийн тарьж бий болгосон нарсан
ойдоо “Эх дэлхий, байгаль, ой модоо хайрлая” гэсэн уриатай хөшөөг босгожээ.
“Ойн
баясах” компанийн инженер Б.Эрдэнэчимэг цааш ярихдаа “Үрээр тарьж ургуулсан
мэргэжлийн мод үржүүлгийн газраас модоо авч байгаарай. Өчүүхэн жижгээс өдий том
болтол ургахдаа олон жилийн арчилгаа шаарддаг юм шүү” гэлээ.
Эдний
тарьж ургуулж байгаа олон төрлийн модноос голт бор мод намрын өнгөө зассан байдлыг
онцолж сонирхлоо.
Голт
бор (Lilac) нь 2.5-3 м хүртэл өндөр ургадаг бутлаг ургамал аж. Хавар 5 дугаар
сарын сүүл үеэс эхлэн 19 орчим хоног цэцэглэдэг байна. Энэхүү голт бор нь амьдрах
чадвар сайн моднуудын нэг бөгөөд хэлбэржүүлэн хашлага хийж тарих болон ойн
зурвас байгуулахад маш их тохиромжтой ажээ.