ӨВӨРХАНГАЙ: Соёлын биет бус өвийн үзлэг судалгаанд 80 гаруй өвлөн уламжлагчийг хамрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2023 оны 11 дүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Соёлын салбараас Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Архангай аймагт Соёлын биет бус өвийн үзлэг судалгааг бүсчлэн хийлээ.
Өвөрхангай аймгийн хэмжээнд Хужирт, Бат-Өлзий, Хархорин, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол, Арвайхээр, Тарагт, Нарийнтээл зэрэг 12 сумын 80 гаруй өвлөн уламжлагчийг тус судалгаанд хамруулсан байна.
Тодруулбал, өвлөн уламжлагч нэг бүрээс тухайн өвийн онцлог, дэг арга барил, уламжлан авч үлдсэн байдлыг тодруулах 15-40 минутын фокус ярилцлага, бичлэгийг хийж баримтжуулсан ба Googleform ашиглан дөрвөн бүлэг 35 асуулга бүхий судалгааг авчээ.
Өвөрхангай аймагт бурхны шашны ном уншлага, бишгүүрийн ая дан, эмийн ургамлаар анагаах, мэргэ төлөг, уламжлалт бариа засал, гал тахих, гүүний үр сүү гаргах ёс, зан үйл, монгол гутлын наамал улыг бэлтгэхэд уламжлалт аргаар цавуу хийх аргачлал, мал маллах арга ухаан зэрэг уламжлуулах, шавь сургалтаар өвлүүлэх шаардлагатай өв байгаа нь судалгаагаар тогтоогдсоныг аймгийн СУГ-ын Соёл, урлагийн хэлтсийн дарга соёл судлаач Л.Пүрэвлхам хэллээ.
Өвлөн
уламжлагчдын фокус ярилцлага, гэрэл зураг, бичлэг баримтжуулалт нь Монгол Улсын
биет бус өвийн Бүртгэл
мэдээллийн санд архивлан хадгалагдах бөгөөд цаашид баримтат кино түүх, соёлын
өвийн судалгааны хэрэглэгдэхүүн болгон ашиглах боломжтой юм.