ӨВӨРХАНГАЙ: Шагай шүүрэх нь хүүхдийн хүмүүжилд ач тустай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны наймдугаар сарын 18
/МОНЦАМЭ/. Монголын ард түмэн
эрт дээр цагаас таван хошуу малынхаа шагайгаар тоглоом наадгай хийж, өвөрмөц
соёлыг бүтээн өсвөр үеэ сурган хүмүүжүүлж ирсэн байдаг.
Хонь, ямааны шагайгаар гэхэд 80 орчим төрлийн наадгай зохиосноос морь уралдуулах, бөгцөх няслах, шагай шүүрэх, алаг мэлхий өрөх зэрэг цөөн хэдэн тоглоомыг өнөө хүртэл уламжилж иржээ. Эдгээр нь нүүдэлчдийн ахуй амьдралд тулгуурлан бий болж, улмаар оюун ухааныг тэтгэн булчин шөрмөсийг хөгжүүлэхүйц төгс боловсруулсан байдгаараа онцлог.
Үүнээс шагай шүүрэх наадгайг онцолвол наадам, цагаан сар зэрэг үндэсний баяраар, бусад үед хонио хотлуулж, ажлаа дуусгасан үдэш оройн цагаар голчлон тоглох агаад олон хүн оролцох тусам өрсөлдөөнтэй болдог. Ингэхдээ дэвссэн олбог, ширдэг дээр оролцогч хүмүүс тойрон сууж, шагайгаа тараан асгаад хэн эхэлж тоглохоо тогтоон нар зөв тойрно. Тоглогч сумаа дээш шидэн энэ хооронд гарын атганы хэмжээгээр хэсэг шагай тасдаад буух сумыг газар унагалгүй авна. Дахин сумаа өөд нь шидэж тасдсан шагайгаа хамж атгаад сумыг шагайн дээрээ тогтоож авна.
Хэрэв ойр орчмын шагайнд гар хүрч хөдөлгөх, атгасан шагайнаасаа унагавал алдаа гэж үзээд шагайг буцаж нийлүүлнэ. Алдаа гаргаагүй бол шагайг өөртөө авна. Ингэж наадсаар дэвжээн дээрх шагай дуусахад хамгийн цөөн шагай авсан хүний шагайны тоотой адил шагайг бүгд нийлүүлэн дахин эхлүүлнэ. Мөн шагайг тасдахдаа хэт тараасан бол сум буцаж буух хооронд нэг, нэгээр нь тоншиж авч болно.
Сум гэдэг нь
хэлхсэн зэс гинж юм. Үүнийг зарим нутагт хөө хуяг гэж нэрийддэг. Ийнхүү нийлэх
шагайгүй болсон нь хасагдан бүх шагай нэг хүнд очсоноор хожсонд тооцон тоглоомыг
дуусгадаг.
Шагаа шүүрэх наадгай нь хүүхдүүдийг багаар ажиллах, манлайлах, тэвчээртэй, авхаалжтай, эв дүйтэй байх чадварт сургахаас гадна гарын булчинг чангаруулж, нүдний харааг сайжруулдаг зэрэг олон талын ач тустай юм.